ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн-2025”-ийг зохион байгуулав

O.Admin
22 цагийн өмнө

Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.05.29/ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн байранд боллоо. Тус зөвлөгөөнд үүрэг хүлээсэн хэрэглэгч 250 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас тогтоосон хэрэглээний босго хэмжээг давсан 226 үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллага байдаг. Эдгээрт эрчим хүч, барилга, зам тээвэр, мэдээлэл холбоо, уул уурхай, хүнд, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбар байгууллагууд хамаардаг юм. Энэ удаагийн арга хэмжээнд үүрэг хүлээсэн хэрэглэгчдээс гадна Төрийн банк оролцож, ногоон зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Эрчим хүч хэмнэлтийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрчим хүч хэмнэх санаачилга гарган сайн туршлага нэвтрүүлж, бусдыгаа манлайлсан нэр бүхий байгууллагуудад Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс талархал гардуулсан байна. Үүнд:

- "Скай хайпер маркет" ХХК;

- "Хан богд кашмер" ХХК;

- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ;

- "Спирт бал бурам" ХХК;

- "Ухаа худаг ус хангамж" ХХК;

- "Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам" ХХК;

- "Мобиком корпораци" ХХК;

- "Шангрила-Улаанбаатар хотел" ХХК;

- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК;

-"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК;

Мөн зөвлөгөөнөөр Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах, тэдний хамтын ажиллагааг идэвхижүүлэх, цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хэмнэх арга зам, барилгын дулаан алдагдлыг бууруулах боломжууд, ногоон зээл, сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологийг ашиглах талаар тус тус мэдээлэл, танилцуулга хийсэн. Энэ үеэр оролцогчид нээлттэй ярилцаж, санал солилцож харилцан туршлагаа хуваалцлаа.