ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намд үе хоорондын тулаан болж байна

O.Admin
1 өдрийн өмнө

Цүнх, бөгжөөр эхэлсэн улс төр чинээндээ хүртэл улайсч, энэ төр улс хийгээд эрх баригч намын дээр хэн нь тогтож үлдэхээ үзье гэсэн тулаан болж өргөжсөнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоёр ч удаагийн огцом мэдэгдлээс харж болох нь ээ.

Улс төрийн элдэв маргаантай асуудлаар тэр болгон байр сууриа илэрхийлээд байдаггүй тэрбээр, “Би Үндсэн хуулийг өөрчлөх замаар “хаан” болохгүй ээ. Намайг сууж байгаа цагт тийм зүйл хийгдэхгүй” хэмээн хоёронтоо мэдэгдсэн нь МАН-ын дотоодын зодоон нэгэнт эрчээ авч, “Л.Оюун-Эрдэнэ ба 80-аад оныхон”, “У.Хүрэлсүх ба 60, 70-аад оныхон” гэсэн МАН-ын хоёр бүлэглэл хэн хүчтэйгээ үзэхээр рингэн дээр ил гарч ирсэн тод томруун жишээ болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Бага хурлын үеэр 60, 70 оныхон нь өрөөндөө дуудаж байгаад “Ахын дүү одоо зайлчих. Ах нар чинь чамайг бас хэн ч биш болгож чадна шүү. Ахтай чинь хамт хэн ч биш болгохыг бид ч бас чаддаг юм” хэмээн сүрдүүлсэн нь нэгэнт ил болсон зүйл. Уулзалтаас гарч ирснийхээ дараа “Үр хүүхэд, гэр бүлээ бодоод би энэ суудлыг өгье” хэмээн хоолой зангиран мэдэгдэл хийгээд гарч одсон Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаас хойш багагүй хугацааг бодож, тунгаахад зарцуулсан нь мэдээж.

Эцэст нь тэр энэхүү тулааныг ил тод болгож, хэн нь тогтож үлдэхээ харцгаая хэмээн эрс шулуун шийдсэн нь УИХ-ын 126 кнопны дийлэнх олонхид найдсан эр зориг байв. Товчхондоо, “Надад итгэл хүлээлгээд өгөөч. Би дахиад хичээгээд үзье” гэсэн хүсэлтийг УИХ руу оруулж ирсэн нь үе тэнгийн үхэр хонь жилтэн буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гарт өөрийн хувь заяаг даатгасан үйлдэл болсон билээ.

Найзыгаа танхим дотроос ганцаараа шахуу өмөөрч үг хэлсэн Д.Амарбаясгалан, Хотын фракцийг атгаж суугаа Х.Нямбаатар зэрэг 80-аад оны залууст тэр найдлага тавьж байгаа учраас огцрох өргөдлөө өөрөө өгснөөс илүүтэй “итгэл үзүүлэх” эсэхэд найдлага тавьж байгаагаа албан бичгээр илэрхийллээ. “Ах нарыг одоо дураар нь дургиулж болохгүй, чи л энэ удаа ухрах юм бол бүгд хамтдаа дахиж өндийж чадахгүй” хэмээсэн найзуудынх нь хүч Л.Оюун-Эрдэнийг нутгийн ахынхаа өмнөөс сөрөн зогсох, нам дамжсан бүлэглэлийн эсрэг дахиад нэг эрслэн босох хүч болсныг та бид улс төрийн хүрээнд өнгөрөгч өдрүүдэд болсон үйл явдлын дарааллаас харж байна.

Түүнд Ардын намынхаа Бага хуралд найдахаас илүү ардчилсан парламентын хүчинд итгэх санаа төржээ. УИХ-д түүний оруулж ирсэн найзууд бий, түүний бэлтгэсэн залуус ч олон бий. Нэг хүнийг хаан болгох эрх ашгаас илүү парламентын дархлааг хамгаалах эрүүл ухаантай хүмүүс байгаа гэсэн итгэл бас давхар оршиж байна. Засаглалын хямрал руу түлхэж мэдэх эрсдэлтэй үйлдэл Л.Оюун-Эрдэнийг явуулсны дараа өрнөнө гэдгийг харж суугаа ах нарын дэмжлэгт ч бас найдаж байгаа.

Тиймээс 126 гишүүний гарт МАН-ын ах, дүү хоёрын тулааныг эцэслэх кноп атгагдаж байгаа юм. Итгэл үзүүлэх эсэхийг 126 гишүүний олонхи буюу 64-өөс дээш кнопоор шийдэх учиртай. ХҮН-ын найм, Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын гурав, АН-ын 48-аас тал кноп байхад л Л.Оюун-Эрдэнэ суудалдаа дахин зургаан сар тэсч үлдэж, огцруулах улс төрөө ах нар нь дахиад зургаан сараар сунгахаас өөр аргагүйд хүрэх билээ.

“Мега төсөл бол миний чин хүсэл, амбийц, улс орны төлөө хамтдаа явна” хэмээж байсан Лу.Гантөмөр нь Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзсаны дараа сайд нарыгаа Засгийн газраас гар хэмээн шахаж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнэ олон хүнд дайсан болж харагдаж буйг нотлох бэлхэн жишээ юм. Танхимынхаа хоёр ч сайдад тэр ар нуруунаасаа “хутгалуулав”.

Ерөөс энэ тулааны үр дүн яаж шийдэгдэхээс улс орны хувь заяа ч шийдэгдэх учиртай. Л.Оюун-Эрдэнэ ба Ерөнхий сайдын суудал гэдэг эрх ашигтаа бус огцруулах улс төрийн дараах үр дагавар нь өөрөө маш хортой учраас монголчууд хүссэн ч эс хүссэн ч 80-аад оны төлөөлөл энэ тулаанд илүүрхээсэй хэмээн найдаж суухаас өөр арга алга.

Бид засаглалын хямрал руу цаашлаад тодорхойгүй байдал руу улс орноо түлхэж огт болохгүй. Угтаа, баялагтаа эзэн шиг эзэн болцгооё, энэ улсад нүүрлэсэн хулгайг хамтдаа зогсоож, хяналттай болгоё гэсэн эр зориг 60, 70 оны ах нар төр барьж байх цаг лавтай яригдаагүйг та бид хангалттай олон жишээгээр мэднэ. Уул уурхайн баялаг нь улс орны хөгжилд зарцуулагдах ёстой болохоос улстөрчдийг цатгадаг, тэднийг угждаг мөнгө болох ёсгүйг сануулсан нь 80 оныхон билээ. 20, 30 жил зориудаар гацаасан төслүүдийг хөдөлгөх гэж зураг ч болтугай зурсан нь тэд.

Хүн биш хууль засагладаг, эрүүл саруул төрийг бий болгох гэж хоёр гараа хөдөлгөсөн нь Л.Оюун-Эрдэнэ. Харин ах нар хөшигний арын улс төрийг хамгийн сайн хийж, хор хутгах ажилдаа гаршицгаасан. Утсан хүүхэлдэйгээр улс орныг удирдуулж, дураа хүрвэл дээш өндийлгөж, дургүйгээ хүрвэл өшиглөж унагадаг засаглалыг тэд бий болгосон. Тэгсэн ч ханаагүй дахин өргөжих гэж, дахин хяналтаа тогтоох гэж, дахиад төрөөр тоглохоор оролдож буй энэ тулаанд иргэд олон нийт цензуртэй хандах учиртай болов.

Эцсийн эцэст, МАН-ын зодооныг Монголын зодоон болгож, төрийн тогтворгүй байдлыг өдөөн турхирсан энэ тодорхойгүй байдлыг таслан зогсоох эрх ашгийн төлөө улстөрчид нь эрүүл саруулаар хандаасай. 126 хүний тал нь ядахдаа эрүүл сэтгэхүйгээр энэхүү зөрчил тэмцлийг харж, таван нүүдлийн дараах Монгол Улсын төлөө кнопоо ашиглана хэмээн найдах л үлдэв.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин