ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох тухай хууль батлагдлаа

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Учир нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын 1XBET сайтаар манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар 110 гаруй “агент”-аар дамжин гадаад улс руу гарсан байна. Энэ нь гадаад улсын вэбсайтуудаар Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах, амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм.

Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.05.30) чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Хууль батлагдсанаар гарах гол үр дүн:

-Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний валют хяналтгүйгээр гадагш урсаж эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсооно.

- Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угааж байгаа үйлдлийг таслан зогсооно.

- Монгол хүүхэд, залуучууд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нөхцөлийг зогсоож, урьдчилан сэргийлнэ.

- Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.