Парламент бол ард түмний төлөөлөл болсон улстөрчид тангараг өргөж, ард түмний саналаар сонгогдон суудаг хууль тогтоох дээд байгууллага. Энэ танхимаас Монгол Улсын хөгжил дэвшлийг нэг зүг, чигт залуурдах учиртай олон чухал хууль тогтоомж батлагдан гарч, хөгжил дэвшлийн луужин болоод зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг гадаад талдаа ч зөв харуулах, чиглүүлэх бодлого төрж байх учиртай.
Ард түмний эрх ашгийн төлөө авлига, ашиг сонирхлоос ангид буюу Монгол Улсын төрийн далбааны өмнө сөхөрч суугаад тэд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж ажилдаа ордог билээ.
Гэвч Монголд ардчилсан хувьсгал ялж, парламентын засаглалтай болсноос хойш парламентын гишүүд маань энэхүү тангарагтаа хэр үнэнч байсан бэ гэдэг асуултыг эргэж асуумаар, ирээдүйд ч сануулмаар үйл явдлууд 126 гишүүнтэй болсон парламентыг тойрсон зөрчил, зодоон эрчимжсэн энэ өдрүүдэд өрнөсөөр байна. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр нийт иргэдийн эрх ашгийг хангах, төлөөллийн зарчмыг илүү тод хангах гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу парламентын гишүүдийн тоог илүү олон болгосон өөрчлөлт маань олон намын тогтолцоог бүрдүүлж, парламентын засаглалыг тогтвортой болгож чадсангүй.
Эсрэгээрээ улам бүр хэврэг болгож, МАНАН гэх бүлэглэлийг илүү хүчирхэгжүүлж, нэг намаараа биш нийт олон намаараа нэгдэж нийлээд шантааж хийдэг, хулгайгаа нуудаг, Гүйцэтгэх засаглал нь парламентаа удирддаг, Ерөнхийлөгч нь парламентын индрээс хүчээ үзүүлж, харцаараа хөдөлгөдөг, бүр болоогүй Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл улаан, ногоон лаазаар улсын төсөвт ямар санал өгөх вэ гэдгийг шийддэг ардчилалгүй парламентын тогтолцоо руу оруулах нь тэр.
Өнгөрсөнд бид олон Засгийн газар байгуулж тоглосон бол ирэх өдрүүдэд хүчтэй Засгийн газар, хүчтэй лидер түшсэн Гүйцэтгэх засаглал байгуулчихвал түүндээ хариуцлага тооцох бус эсрэгээрээ парламентын гишүүд нь түүндээ “бөлдөгдүүлж”, тэдний эрх ашгийг гүйцэлдүүлдэг буюу парламент нь Засгийн газартаа хариуцлага тооцох чадамжгүй болох тогтолцоо руу авч очжээ.
Лидер дагасан хуваагдал нь УИХ-ыг тарах уу, эс тарах уу гэх сонголт руу авчрав

Чин үнэнийг хэлэхэд УИХ-д хүчтэй эрх баригч байтугай, хүчтэй сөрөг хүчин гэж байхгүй болж лидерүүдээ дагасан хуваагдал эцэстээ энэ УИХ-ыг оршин тогтнох уу, эс тогтнох уу гэдэг сонголт руу авчрав.
“126 гишүүнтэй болчихвол цэнгэлийн манлайд хүрэх нь ээ” хэмээн пиар хийж, кнопны наймааг үнэд хүргэхгүйн тулд олон намын тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж хамгийн их оройлон гүйж, энэхүү өөрчлөлтийг бий болгоход оролцсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ манай нам 10-хан суудал дутуу авчихсан бол ингэтлээ талцаж, хуваагдахгүй байсан байх даа гэж бодох боллоо” хэмээн ярив.
Энэ бол УИХ дахь эрх баригч намын зөрчил ямар хэмжээнд хүрснийг илтгэх үг. Олуулаа болох тусмаа илүү их зодолдоно. Цөөхүүлээ болчихвол түүнээс ч илүү зодолдоно. Өнөөдрийн парламент дахь эрх баригч нам үндсэндээ жагсаалтынхан ба тойргийнхон гэж тэг дундуураа хоёр хуваагдчихлаа. Жагсаалтаар орж ирсэн буюу МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, генсекээр Д.Амарбаясгалан нар ажиллаж байх үед мандат авсан улстөрчид нь өдгөө энэ хоёр улстөрчийнхөө талд бат зогсоод дараагийн намын даргад өөрсдийн хүнээ оруулахаар сөрсөн улс төр хийж буй нь үнэн.
Тиймдээ ч энэ өдрүүдэд Үндсэн хуулийн цэц рүү хүртэл гишүүний тангаргаасаа няцсан гэх ноцтой хэргээр нэгнээ авч очих хүртлээ увайгүйтэн улстөржиж, хонон өнжин чуулганы хуралдааныг хуралдуулан хүч түрж, парламентын үнэ цэнийг хамгаалахын төлөө гэсэн нэрийдлээр явцуу улс төрийг хийсээр байгаа.
2026 оны төсвийн төсөл дэх бүх хулгай луйврыг илчлэн гаргаж байна хэмээн хэтэрхий мушгин улстөржиж, төсвөө баталж чадахгүй гацаанд оруулж буй нь ч бас үнэн. Үүнд нь эрх ашиг, нэг улстөрчийн холбоо хамаарлаар нэгдсэн АН-ын бүлгийн зарим гишүүд хүч нэмснээр сөрөг хүчин нь ч хүчтэй, зангарагтай улс төр хийж чадахгүй болтлоо доройтов. Сөрөг хүчний намын дарга нь хүртэл эрх ашгаараа “бөлдөгдүүлж”, Ардын намын БЭТ болтлоо арчаагүйтэв. АПУ-гийн лаазаар эрх баригчдадаа удирдуулж суугаа сөрөг хүчин болох Ардчилсан намыгаа харахаар энэ улсад ирээдүй үгүй болсон мэт гунигтай. Нөгөө талдаа тойргийнхон буюу Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг тойрон хүрээлсэн тойргоос сонгогдсон улстөрчид нь ард түмний төлөөлөл болж парламентад сонгогдсон гэдэг үүргээ ор тас мартчихсан Гүйцэтгэх засаглалын “утсан хүүхэлдэй” болсон дүр зургийг та бид харж байна.
Хэрвээ энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвөө баталж чадахгүй бол парламент тарах, ээлжит бусаар сонгууль хийх дүр зураг ч ойрхон байгааг нуух юун. Ийм болгохыг, энэ парламентыг чадамжгүй болгох гэсэн хүсэл тэмүүлэл ч нэг биш нэлээд олон хүнд байгааг та бид юу эс андах. Харамсалтай нь улс төрийн намуудын лидерээ тойрсон хуваагдлаас болж ард түмэн нь хүртэл хоёр талцаж, хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг ойлгохгүй болтлоо тархиа угаалгав.
Гүйцэтгэх засаглалын “утсан хүүхэлдэй” болсон парламент хөөрхий

Жагсаалтынхан худлаа улстөржиж, тойргийнхон нь харин үнэн улс төр хийж байна гэвэл түүн шиг худлаа зүйл бас үгүй. “Хулгайч хулгайчаа бариарай” гэж хамгийн чанга орилдог шиг тойргийн эрх ашгаар сүлбэлдсэн улстөрчид ч өнөөх л сурсан зангаараа тойрогтоо мөнгө ахиухан төсөвлөж авахын тулд ямархуу зарчимгүй улс төр хийж, хулгайгаа хамтдаа нууж буйг МАН-ын талцал хуваагдлын ачаар та бид энэ өдрүүдэд мэдэж авлаа.
Үндсэндээ Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа тархин дээр гарч суучихаад төсвөө батлуулахын тулд 1.1 их наядаар тойргийн гишүүдээ авлигадаж, бүсчилсэн хөгжил нэрийдлээр мөнгө төсөвлөсөн нь ил болж байна. Тэгсэн атлаа эмч нарын цалинг нэмэх ёстой гэдэг саналыг ердөө дөрөвхөн гишүүний саналаар ундааны лааз өргөөд л шийдчихэж буй увайгүй, арчаагүй улс төрийг мөн хамтдаа хоёр нүдээрээ харлаа.
Тодруулбал, өнгөрөгч баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Тэрэлж” ундааны улаан, ногоон лааз өргөн парламентын гишүүдийг ямар санал өгөх вэ гэдгээр нь удирдаж буй бичлэгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Х.Баасанжаргал нарын гишүүд видеогоор баримтжуулан сошиалд оруулжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Сөрөг хүчний зарим гишүүдтэй буюу манай МАНАН-гийнхан улаан, ногоон өнгийн лаазаар дохилцож буй нь энэ. Хамгийн гол нь ингэж дохилцоод 1.1 их наядын хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, хувааж аваад тойрогтоо авчихлаа, тэд. Д.Ганмаа нарын гишүүний эмч нарын цалингийн санал дэмжигдсэн ч улаан лааз өргөж унагаад, Ж.Баясгалан гишүүн бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамж, асрамж нэмэх саналыг дэмжсэн атлаа “гүйцээн боловсруулах” чиглэлтэй хойшлуулав” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, өдгөө шинэ Засгийн газарт Шадар сайд болох нь тодорхой болоод буй Х.Ганхуяг ард түмний мандат өвөрлөж, парламентын танхимд сууж буй гишүүдийг улаан, ногоон лаазаар удирдаж, парламентын гишүүдээ Гүйцэтгэх засаглалын хүслийг гүйцээх “утсан хүүхэлдэй” болгосныхоо төлөө Үндсэн хуулийн цэцэд очих уу гэдэг нь асуух ёстой, хөндөх ёстой сэдэв мөнөөсөө мөн.
Төсвийн байнгын хороог нь Засгийн газрын сайд буюу Т.Аубакир удирдаж, бүр Х.Ганхуягийн өмнөөс санал өгсөн зөрчил нь өөрөө Үндсэн хуулийн цэц рүү очих болзол хангачихсан байгаа. Гэтэл Засгийн газрыг огцруулах саналыг дайны цагийн буюу нэн яаралтай горимоор хэлэлцэж байсан Цэц эдгээр кэйсүүд дээр ажлаа хийх үү гэдэг нь асуулт болж байна. Угтаа хуулийн хонгилын дэргэд “Цэцийн хонгил” гэгчийг давхар угсарч, Цэц нь хүртэл улстөрчдийн “утсан хүүхэлдэй” болсон хачин тогтолцоог бид өнгөрсөн жилүүдэд асар их тархи угаалтан дор угсарчээ.
УИХ-ын гишүүний бие даасан санал өгөх эрхэд ноцтой хийгээд бүдүүлгээр халдсан, гишүүн бүрийн өөрийн итгэл үнэмшил гэж парламентын танхимд нь байхаа больсон, ард түмний төлөөлөл бус улстөрчид, бүлэглэлийн эрх ашиг илүү хүчтэй эргэн ирсэн гэдгийг харуулах энэхүү доромжлолыг нийт ард түмнээрээ зүгээр хараад сууж буй нь өөрөө гутамшигтай юм. Монголд ардчилсан парламент гэж байхаа больж, зөвхөн нам тойрсон хэдхэн лидер улстөрчид буюу компани, бүлэглэлийн төлөөлөл хийгээд түүнийг аялдан дагалдагчид төр байгуулан тоглож буйг та бид харж байна.
Ардчилал энэ танхимд огт байхаа больж хэнд санал өгөхөө, хэнийг дэмжихээ, хэний хуулийн төслийг яаж, хэрхэн батлахаа ундааны лаазаар шидүүлдэг болсон нь хөөрхийлөлтэй. Өмнө нь цөөхөн хэдхэн эрх ашгийн зөрчил дээр зангилагдаж байсан улс төрийн зөрчил тэмцэл илүү өргөн хүрээг буюу нэг хэсэг улстөрчид, нэлээд олон бүлэглэл, компанийн эрх ашгаар цэцэглэн хөгжиж, кнопны тоо нь олширсноос биш нийт ард түмний эрх ашиг хангагдсан зүйл огтоосоо алга. Ард түмний мандатыг арай олуулаа эвтэйхэн хувааж аваад төлөөллөө оруулж ирэн төр байгуулжээ, тэд.
Цааш, цаашдаа ч хүчтэй сөрөг хүчин гэж байхаа больж, сөрөг хүчний улстөрчид нь хүртэл олонхийг дагаж хуваагддаг, тэдний төлөө кнопоо үнэлдэг, олонхи болсон намын БЭТ мэт ажилладаг болох тогтолцоог олон намын төлөөлөл нэрийдлээр угсарчээ. УИХ-ын гишүүд нь Засгийн газраа өмгөөлж, өмөлзөж, тэдний БЭТ мэт ажиллах боломжийг 126-гаар бий болгож өгчээ.
Лидерүүдээ дагаж хуваагдсан улстөрчид нь ард түмний мандат өвөртөлсөн гэдгээ умартаж, тэдний хэвлэлийн төлөөлөгч мэт харагдах болтлоо энэ парламент үнэгүйдлээ, арчаагүй гэдгээ зарлалаа. Цааш, цаашдаа жагсаалт, тойрог гэж байх ёстой юу,үгүй юу гэдгийг эргэж ярих цаг болсныг нь энэ удаагийн парламент сонгодог утгаараа харуулж байна. Монголын парламент үндсэндээ шившгийн хөндийгөө туулж эхэллээ. Тэдэнд эмгэнэл илэрхийлэхээс өөр яалтай.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
