ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо

O.Admin
1 цагийн өмнө

Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ. 

Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон байна. 

Тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90% (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ.

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ. 

МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал есөн тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой байна.