ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт: Ч.Сайханбилэгийн үеэс Хөрөнгө оруулалтын гэрээ зээлийн гэрээ болсон

O.Admin
2 цагийн өмнө

Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор зохион байгуулсан гурван өдрийн нээлттэй сонсголын үеэр Хөрөнгө оруулалтын гэрээ бус Зээлийн гэрээ болсон, нууцад хийсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголд Рио Тинтогоос зээлсэн мөнгөний хүү хамгийн өндөр буюу 11.3 хувьтай байгаа нь бусад олон улсын санхүүгийн байгууллагын зээл тусламжаас 3-6 дахин өндөр байгаа зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл Хөрөнгө оруулалт хийж Монголын тал 53 хувийн ашиг хүртэх гэрээ яаж яваад зээлийн гэрээ болон хувирсан, ашиг хүртэх хувь 37 болтол буурсан талаар П.Ганзориг гишүүний асуултад Сангийн сайд асан С.Баярцогт хариулахдаа “Асуудал болохгүй байгааг би тухайн үед Ч.Сайханбилэгт хэлж байсан. Дубайн асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан нууцын тамгатай байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байхад Г.Тэмүүлэн гишүүн уул уурхайн Дэд сайд, би ЗГХЭГ-ын дарга байлаа. ҮАБЗ-ийн бүх гишүүд рүү би орсон.

Намууд хамтарч байсан учраас Шадар сайд дээр хүртэл орж, алдаа гараад байгааг хэлсэн. “Манай Ерөнхий сайд зүтгээд байна аа. Санхүүгийн хувьд маш их хэмжээний хохирол учруулж бидний ногдол ашиг авах хугацааг хойшлуулах гээд байна. Тийм учраас та Засгийн газрын хуралдаанд хэлж өгөөч. Бид тэнд өөрсдийн байр сууриа хэлье” гэсэн. Тэр хүн маань одоогийн Ерөнхийлөгч шүү дээ.

Ингээд Засгийн газрын хуралдаанд орсон ч хүч түрээд явчихсан. 2015 оны энэ хүч түрсэн хуралдаанаас эхлээд л зээлийн хэлэлцээр болж хувирсан. Энийг бид бүгд харж байсан, хэлсэн. Гэхдээ 2015 оны хэлэлцээрээр шахаанд оруулсан нь давуу тал байсныг хэлэх нь зөв байх. 2012 оноос хойш гурван жил гаруйн хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалт зогсчихсон байсан шүү дээ. Үүнийг явуулахын тулд хийхээс өөр аргагүй гэж хүч түрээд баталсан. Та нар тэр нууц хуралдааны протоколыг үзээрэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.