ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Даргад таалагдсанаар ёс зүйтэй гэх юм уу

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч лхагва гарагт NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьж буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ ярьжээ. 

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг дэмжихгүй. Ёс зүйг яаж шүүх юм. Өргөн өмдтэй явж байгаа нь хэрвээ таалагдахгүй бол яах юм. Т.Доржханд пүүзтэй ордонд явж байгааг ёсзүй гэж үзээд татах уу. Даргад таалагдсанаар ёс зүйтэй гэх юм уу. Их өргөн ойлголт шүү дээ.

Амьгүй парламент бий болгож болохгүй. Орж ирсэн хууль болгоныг ёсчилж батлаад суудаг үг дуугардаггүй парламент байгаад яах юм. Ийм болгохгүй гэж таван намтай болж, холимог тогтолцоог хийсэн. Таван нам дараа, дараагийн сорилтыг даван туулах геополитикийн том нүргээний өмнө байж байгаа атлаа ийм мэтийн зүйл дээр дархлаагаа хамгаалах ёстой шүү. Англид бас ийм зүйл болж байсан.

Нэгдүгээр Чарльз хаан өөрт нь таалагдахгүй үг хэлээд байсан арван нөхрийг буцаан татаж, парламентаа тараах асуудал руу явж байсан. Гэсэн ч парламент нь хүлээж авахгүй болсноор хаан өөрөө хүнд байдалд орж байсан л даа. Ингээд парламентын халдашгүй байдлаа хуульчилж өгсөн юм билээ. Н.Лүндэндорж багшийн ном байдгийг унших ёстой болов уу. Энэ бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын асуудал шүү" гэв.