ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Томоохон бүтээн байгуулалтын босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг хуулиар нээнэ

O.Admin
1 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.27/-ийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтын босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг хуулиар нээх хүрээнд ажиллах нь зүйтэй гэж үзэв. Бүлгийн гишүүд зээлийг үр ашигтай бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхдээ нийтэд таниулах ажлыг сайжруулах нь чухал гэдгийг бүлгийн гишүүд онцлов. Хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүд үг, санал хэлснээр хэлэлцэн батлахыг олонх нь дэмжив.

Хоёрдугаарт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн аж. Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна.

Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар,

-Танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ

-Хувийн хэвшлийн дуу хоолой бодлогын түвшинд институцийн баталгаатай болно

-Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдал сайжирна

-Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага нэмэгдэнэ

-Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж танилцууллаа.

Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд судалгаанд үндэслэж ажиллах хэрэгтэй. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд тодорхой заалтуудыг сайжруулж ажиллах ёстой гэв. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг бүлгийн хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцэж байгаа талаар Бүлгийн дарга Ж.Батжаргал гишүүдэд мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжихээр болсон. Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн чухал ач холбогдолтой баруун таван аймгийг эрчим хүчээр хангах “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, дотоодын бензин, түлшний хэрэглээний 55 хувийг хангах хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх 10 000 айлын орон сууцны “Сэлбэ дэд төв” төслүүдийн санхүүжилт хэвийн олгогдох боломж бүрдэнэ. Бүлгийн гишүүд зээлийг үр ашгийг сайжруулах, бүтээн байгуулалтад зарцуулах, төслийн өгөөжийг нийтэд таниулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж хуулийн төслийг дэмжиж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн. Энэ хуулийн төсөл батлагдвал худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалт тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчин сайжрах юм. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарч дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлсэн байна.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхээр боллоо” гэв.