Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг “ өчигдөр боллоо. Мэдээллийг ГССХГ-ын дарга Х.Мандахцэцэг өгсөн юм. Цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр төвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон. Сайдын ОХУ-д хийсэн айлчлал нь найрсаг, дулаан уур амьсгал дунд болж, хоёр стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-Гадаад харилцааны сайдын дараагийн айлчлал хэзээ вэ. Аль улс байх вэ?
-АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн олон талт үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.
-Ерөнхийлөгч БНХАУ зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтээ өгсөн. Айлчлалын тов гарсан уу?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт ирэх ирэх сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-д болно. Тус уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор төлөвлөж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгөх байх.
-Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг Гадаад харилцааны яамнаас ажиглаж байгаа юу?
-Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг анхааралтай ажиглаж байна. Цаашлаад тус бүс нутаг цөмийн зэвсэггүй, энх тайван улс болоосой гэж хүлээж байна.
-Гадаадын улсад хэчнээн монгол иргэн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна вэ. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?
- БНХАУ-д манай улсын 27 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байна. Хар тамхи тээвэрлэх, зөөвөрлөх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог учраас байнгын хараа хяналт тавигддаг асуудал. Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдож байгаа иргэд гадаадад зорчих үедээ сонор сэрэмжтэй байж санамсаргүй байдлаар бусдын тээшийг авч явахгүй байхыг яамны зүгээс анхааруулж байна.
-АНУ-ын Элчин сайдын яам монголчуудад хөдөлмөр эрхлэх боломжтой H2 виз олгохоор болсон. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Яамны зүгээс АНУ-ын холбогдох газруудад H2 визний талаар илүү нарийвчилсан мэдээллийг авахаар тодруулж байна.