ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван эрх мэдэлтэн нэг компанийн нэрээр зургаан тэрбум төгрөг авсан уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-29

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон тэдэнтэй хамаарал бүхий хүмүүс ихээхэн хэмжээний зээл авсан мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрээс хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авсан талаар мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна. УИХ-аас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгчээ. 

Компани: “Тээвэр ачлал” ХХК 
Зээл: 1.4 тэрбум 
Хэний нэр дээр: ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон түүний эхнэр Л.Отгонжаргал

Тайлбар: Надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. Хүний нэр төрд халдсан байна. Зөрчлийн хуулиар шалгуулна. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг. Аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм.  Барьцаагүй, баталгаагүй хүн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах боломжгүй. Үнэхээр барьцаагаа тавиад, сайн төсөл боловсруулах юм бол  ямар ч компани хамрагдах бүрэн боломжтой. 

Компани:  “Эпота анарваан” ХХК
Зээл: 1.2 тэрбум
Хэний нэр дээр: ЗТХ-ийн сайд Я.Содбаатар түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг

Тайлбар: Манай эхнэрийн үүсгэн байгуулсан компани. Зээлийнх нь асуудал шалгагдаад, нарийн мэдээлэл гарахаар энэ талаар ярина. 

Компани: Хувь хүн буюу Л.Оюун-Эрдэнэ 
Зээл: Тодорхойгүй
Хэний нэр дээр: УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ 

Тайлбар: Миний хувьд ямар нэгэн байдлаар аль нэг аж ахуйн нэгжийг дэмжих эсвэл өөрийнхөө нэр дээр зээл аваагүй. Надтай хамаарал бүхий этгээд болон гэр бүл бизнестэй төрөөс мөнгө авахгүй. Энэ асуудлыг тодруулна. Хүний нэр барьж зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Салбарын сайдаас тодруулна. 

Компани: “Дорнод гурил” ХХК  
Зээл: 950 сая төгрөг 
Хэний нэр дээр: УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 

Тайлбар: Би хувьцаа эзэмшдэг. Зээлээ графикийн дагуу төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд, үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор талх, гурил үйлдвэрлэж байгаа. Арилжааны  банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй зээл авсан юм билээ. Би зээл авсныг сүүлд мэдсэн. 

Компани: “Монгол шаазан” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 
Хэний нэр дээр: УИХ-ын Г.Солтан болон Б.Алтанчимэг 

Тайлбар: 2010 он хүртэл “Монгол шаазан” ХХК-д удирдах ажил хийж байсан манай найз Ерөнхий сайдын зөвлөх болсон. Түүнээс хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн. “Монгол шаазан” компанийг өөр хүмүүс удирдаад явж байгаа. Миний хувьд ч гэсэн 2010 оноос хойш ажиллаагүй. 2010-2012 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдраад, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй. 

Компани: “Хүннү” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 
Хэний нэр дээр: Н.Ням-Осор болон түүний хүү УИХ-ын гишүүн Н.Учрал

Тайлбар: Би зээл аваагүй. Аавын  үүсгэн байгуулсан компани төсөл бичиж зээл авсан юм билээ. Надтай ямар ч хамааралгүй. 100 хувь аавын өөрийнх нь мэдэлд байдаг компани. 

Компани: “Батдэлгэр трейд” ХХК 
Зээл: Тодорхойгүй
Хэний нэр дээр: УИХ-ын гишүүн А.Сүхбат

Тайлбар: Та бүхэн  нотлох баримттай юм ярь. Нотлох баримтаа гаргаж ирээд надаас асуу. 

Компани: “Газар буудай” ХХК 
Зээл: 950 сая төгрөг 
Хэний нэр дээр: УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Тайлбар: Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани. Монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуй эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮС-аас авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээр  би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм. 

Компани: “Гранд степп”  ХХК 
Зээл: 
Хэний нэр дээр: ТЕГ –ын дарга асан Б.Хурц 

Тайлбар: Утас нь  холбогдоогүй. 

Компани: “Нүүдэлчин агро фирм” ХХК 
Зээл: 950 сая төгрөг
Хэний нэр дээр: БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн 

Тайлбар: Утас нь  холбогдоогүй. 

Компани: “Цэн стайл” ХХК 
Зээл: 950 сая төгрөг
Хэний нэр дээр: Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар 

Тайлбар: Утсаа аваагүй.

Тэгвэл МАН-ын гишүүдийн ЖДҮХС-аас зээл авсан гэх баримтууд дэлгэгдэж эхлэхтэй зэрэгцэн 2012-2016 онд буюу Ардчилсан нам төр барьж байх үед энэхүү сангаас зээл авсан гэх Ардчилсан намын гишүүдийн баримтууд соошл орчинд цацагдсан юм. АН-ын гишүүдийн авсан гэх зээлийн баримтыг хүргэе. Гэвч энд нэр дурдагдсан гурван хүний компаний нэр, авсан зээлийн хэмжээ нь адилхан байгааг ажвал эвлүүлсэн байх магадлалтай. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү гэх Х.Болдбаатар, Ерөнхий аудитор асан А.Зангадын хүү гэх З.Мөнхбат, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү гэх Д.Баатар нарын нэр дээр байгаа компани нь “Глобал аппарел Лимитед” гэх нэртэй байгаа бөгөөд тус бүр хоёр тэрбумыг авсан нь хардлага дагуулж байна. Тус үйлдвэрийн талаар шүүрдэж үзэхэд, ноос ноолууран материалаар бүх төрлийн хувцасыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг, экспортод гаргах зорилго бүхий компани юм байна. 2016 онд анх үүсгэн байгуулагдаж байсан гэх мэдээлэл олдлоо. Бид эргэн сурвалжилна.

Компани: “Глобал аппарел лимитед” ХХК 
Зээл: 2 тэрбум 
Хэний нэр дээр: Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав Болон түүний төрсөн дүү Д.Баатар

Тайлбар: Утсаа аваагүй.

Компани: “Милл хаус” ХХК 
Зээл: 2 тэрбум 
Хэний нэр дээр: Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул

“Милл Хаус” гурил тэжээлийн үйлдвэр нь хүн амыг эрүүл уламжлалт хүнсээр хангах, талхны зориулалттай гурил үйлдвэрлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан. Тус үйлдвэр нь байгуулагдсан цагаас хойш хэрэглэгчдийг найдвартай хүнсээр хангадаг, нэр хүндтэй томоохон үйлдвэрүүдийн нэг болсон.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “ЖДҮ-ийг дэмжих сан”-гаас зээл авч өөрийн үйл ажиллагаандаа ашигласан мэтээр тус компанийн нэр хүндэд халдсан илт ташаа мэдээллийг ямар нэг далд зорилготой, санаатайгаар тараасаар байгаад харамсаж байна.
Манай компани нь үйл ажиллагааны цар хүрээгээрээ үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг учир жижиг дунд хэмжээтэй бизнесийг дэмждэг “ЖДҮ-ийг дэмжих сан”-гаас олгодог зээлийг авах нөхцөл шаардлага байхгүй.
Иймд үйлдвэрийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээж байгаа хувь хүн, албан байгууллагуудыг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.

Компани: “Глобал аппарел лимитед” ХХК 
Зээл: 2 тэрбум 
Хэний нэр дээр: Ерөнхий аудитор асан А.Зангадын хүү З.Мөнхбат 

Тайлбар: Утсаа аваагүй.

Компани: “Глобал аппарел лимитед” ХХК 
Зээл: 2 тэрбум 
Хэний нэр дээр: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар

Тайлбар: Утсаа аваагүй.