БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Хүүхэд харах үйлчилгээнд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын хэмжээнд 2018 оны төсөвт 7.2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн. Энэ хичээлийн жил дуусах хүртэл хүүхэд харах үйлчилгээг ажиллуулах боломжтой. Харин 2019 оны төсөвт 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Яагаад таван тэрбум төгрөг хассан бэ гэхээр ирэх хичээлийн жилээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "хүүхэд бүрийг цэцэрлэгт" гэдэг хөтөлбөр хэрэгжинэ. Ингэснээр хүүхэд бүхэн цэцэрлэгт орох боломж бүрдэнэ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний шаардлага багасна гэсэн үг. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа учраас л тав, зургаан хүүхдийг түрээсийн байранд хараад байгаа шүү дээ. Харин ирэх хичээлийн жилд бүх хүүхэд цэцэрлэгтэй болох учраас хүүхэд харах үйлчилгээний шаардлага буурна.
-Та хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзсан. Шаардлагыг хүлээж авсан уу?
-Тийм ээ. БСШУСЯам хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг иргэдийн шаардлагыг хүлээж авсан. Ширээний ард суугаад хүүхэд харах үйлчилгээнийхэнд шийдвэрээ ойлгуулна. Төсөвт суусан 2.6 тэрбум төгрөгөөрөө ирэх хичээлийн жил хүртэл хүүхдээ хараад, үйлчилгээгээ явуулах боломжтой. Ирэх хичээлийн жилд 142 цэцэрлэг ашиглалтад орж, 20 гаруй мянган хүүхдийн цэцэрлэг нэмэгдэнэ. Энэ нь төрийн бодлогоор шийдэгдээд явна. Цаашид энэ талаар ойлголцоод явах бүрэн боломжтой.
-УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгө багагүй хэл аманд өртөж байна. Тухайлбал, ирэх оны төсөвт анх нэг тойрогт таван тэрбум төгрөг байсан бол одоо найм болж өссөн?
-Үүнийг УИХ-ын гишүүдийн тойрогт төсөвлөсөн мөнгө гэж харахаас илүүтэй тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх төсөв гэж харах хэрэгтэй. Тухайлбал, боловсролын салбарт гэхэд гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, ачааллаа даахгүй цэцэрлэг хаа сайгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн боловсролын салбарт зураг төсөлгүй барилгад төсөв тусгасан асуудлыг хөндсөн. Ийм асуудал байх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, 100, 150, хүүхдийн цэцэрлэгийн жишиг зураг, 320, 640, 960 хүүхдийн сургууль мэтээр цаашид үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэг барих шаардлагатай газруудын жишиг зураг байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр манай салбарт зураг төсөлгүй ажил гэдэг ойлголт байхгүй.
-Нийслэлд цэцэрлэг, сургууль барихаар газрын асуудал байгаа гэсэн. Газрын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Улаанбаатар хотод газаргүй гэдэг асуудал үүсэх магадлал бий. Аль болох газартай байгаа газруудыг сонгож, сургууль, цэцэрлэгээ барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-“Ирээдүйн өв сан”-гийн хуримтлалаас сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засаг сайжирсан энэ үед иргэд болон нийгмийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хуримтлалтай болж байгаа нь сайн зүйл. Харин үүний хуваарилалтыг хийхдээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аас гарсан ажлын хэсгээс шийдвэр гаргасан. Би асуудалд гардаж, оролцоогүй учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй.
-Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд эхнээс нь хариуцлага тооцоод эхэллээ. Та үүнийг ёс зүй талаас юу гэж харж, дүгнэж байна вэ?
-Хувь хүнтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагынхан нягтлаад шийдвэр гаргах байх. Түүнээс би хувь хүний байр суурь илэрхийлэхгүй.