Г.Сайханбаяр: Хэзээ нэгэн цагт биш, байнга хэрэгцээтэй зэвсэгт хүчин байна

O.Admin
2023-03-29

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Танд баярын мэнд хүргэхийн ялдамд энэ өдрийг бид хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ гэдгээс яриагаа эхлэх үү.

-Баярлалаа. Юуны өмнө ард иргэддээ, салбарынхаа хамт олон, ахмад дайчдадаа баярын мэнд дэвшүүлье. Нийгэмд гуравдугаар сарын 18-ны өдрийг “Цэргийн баяр”, бүр “Эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг. Хуулиараа бол Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний ойн баярын өдөр буюу “Монгол цэргийн өдөр” юм. Энэхүү баярын гол ач холбогдол нь иргэдэд улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийнхний эх оронч сэтгэлийг хөгжөөн дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлыг төлөвшүүлэх явдал гэж боддог. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай.

Салбараасаа төрсөн сайд маань өнөөдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хэр ойрхон түвшинд хүрсэн гэж үзэж байна?

-Би Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаад хоёр жил долоон сар орчим болжээ. Бас ч багагүй хугацаа юм. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-тэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх зорилт, арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлж тусгах, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирсэн. Энэ ч үүднээс саяхан бидний гаргасан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна лээ.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбар ямар ажлыг өрнүүлж байгаа вэ?

-Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Батлан хамгаалах салбар энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн таван багц асуудлын зургаан зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Яг ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаараа тодорхой тайлбарлахгүй юу?

-Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож ирсэн. Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын авто зам зэрэг улс орныг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэснийг та мэдэж байгаа байх. Улмаар хоёр дахь том төсөл болох “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг жил хүрэхгүй богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг монголчууд бид хийж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой болсон. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций дэх өртөөний барилга угсралтын ажил, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144.9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж байна.

Үнэхээр томоохон ажлын голыг цэргүүд маань нугалж байна даа. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ч манай Зэвсэгт хүчин чамгүй хүчээр оролцож байгаа. Өнөөгийн байдлаар бид хэчнээн хэмжээний мод тариад байна вэ?

-Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ чиглэлээр хүн хүчний болоод мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор “Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төв”-ийг Зэвсэгт хүчний хоёр ангийн харьяанд 28 га мод үржүүлгийн талбай болон Мод үржүүлгийн газрыг Зэвсэгт хүчний дөрвөн ангийн харьяанд нийт 21 га талбайд тус тус байгуулж, 217 мянга гаруй мод, бут сөөг, сөөгөнцрийг тарьж ургууллаа. Тэгвэл энэ онд Зэвсэгт хүчний гурван ангид есөн га талбайд мод үржүүлгийн талбай байгуулахаар ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдана уу?

-Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний тухай хуульд хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдэж, Зэвсэгт хүчний бүтэц шинээр тодорхойлогдож, Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаах эрх зүйн харилцаа боловсронгуй болж, баталгааг дээшлүүлсэн. Засгийн газрын тусгай сангийн төрөлд багтдаг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн нийтлэг харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалттай болгосон. Нөгөөтэйгөөр цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр алслагдсан цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг таван жил тутам олгох, цэргийн дээд офицер цолтой цэргийн алба хаагч тэтгэвэр тогтоолгосон бол түүнд урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн зохицуулалтуудыг нэмэлтээр тусгаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Батлан хамгаалах салбар улс орны бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцохын зэрэгцээ цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар чамгүй ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дараагийн шатны туршилт, судалгаа, сайжруулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байгаа. Зэвсэглэл, цэргийн техникээ шинэчлэхдээ гадаадын орны цэргийн техникийг худалдан авах эсвэл тусламжид тулгуурлах бус өөрсдийнхөө нөөц бололцоо, хөгжингүй орнуудад суралцаж, орчин үеийн цэргийн техник, технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн офицеруудаа түшиглэн орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулан нэвтрүүлэх, дотооддоо цэргийн техник үйлдвэрлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулахаар ажиллаж байгаа. Тухайлбал, туршилт-судалгаа явуулж монгол хүн зэвсэглэл, техникээ өөрсдөө хийх боломжтой гэдгээ олон нийтэд харуулж, цэргийн зориулалттай хөнгөн хуягласан болон тусгай зориулалтын байлдааны машины эхний загваруудаа дотооддоо үйлдвэрлэсэн. Энэ онд сайжруулалтыг хийж дахин тодорхой тооны тусгай зориулалтын машиныг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн агаарын довтолгооноос хамгаалах хяналтын системийнхээ техник хэрэгслийг сайжруулах замаар радиолокацийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн болон холбооны бэлэн байдлыг нэмэгдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бидний өмнө туршилт судалгааны ажлуудаа улам эрчимжүүлж, дараагийн сайжруулалт, инноваци шингэсэн загвар бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар Зэвсэгт хүчинд ашиглах гэсэн олон үе шат бүхий ажлууд хүлээгдэж байна. Мөн дээрх төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах инженер, техникийн мэргэжлийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд онцгойлон анхаарч, хамтын ажиллагаатай улсуудтай тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа. Цаашид Туршилт-судалгааны төвүүдээ бэхжүүлж, орчин үеийн технологийн ололт, шийдлийг нутагшуулан нэвтрүүлж, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философи, үзэл баримтлалтай ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг. Тэр утгаараа өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлье.

Сумны үйлдвэр байгуулах ажил маань ямархан явцтай байна вэ? Хэзээнээс сумаа үйлдвэрлэж эхлэх бол.

-Бидний төлөвлөж байгаа томоохон ажлын нэг бол “Бага бууны сумны үйлдвэр”-тэй болох явдал юм. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн барилга бэлэн болсон, ирэх намар гэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж, сумаа үйлдвэрлэж эхэлнэ. Сумны үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сумны хэрэгцээг хангаад зогсохгүй төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээт сумыг хангах боломжтой болох чухал ач холбогдолтой юм.

Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж, хөгжиж байна вэ?

-Өнгөрсөн 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчнээс нийт 21 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн долоон улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэ ч утгаараа манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудаас эхний 24-т, Зүүн Өмнөд Азийн орнуудаас нэгдүгээрт жагсдаг нь маш том амжилт юм. Цаашид энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”, хоёр дахь “Мотобуудлагын батальон”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг эхний ээлжид ажиллагаанд шинээр оролцуулах бэлтгэлийг хангаж байна.

Сүүлийн үед олон нийтийн дунд цэргийн алба, тэр дундаа алба хаах хугацааны талаар таамаглал яваад байна. Салбарын сайдын хувьд та тайлбар хэлэхгүй юү?

-Дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульд “Эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрд ногдсон үүрэг мөн” гэж тодорхойлон иргэдийг түр хугацааны цугларалтаар бэлтгэж оногдуулан бүртгэх, хугацаат цэргийн албанд татаж дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр төрлөөр хэрэгжүүлж байна. Дайчилгааны нөөцөө хугацаат цэргийн албаар нөхөн хангах тогтолцоотой улсуудын хувьд заавал алба хаах хугацаа нь зургаан сараас гурван жил хүртэл байгаа. Дэлхийн улс орнуудад хугацаат цэргийн алба хаах хугацаа дунджаар 18-24 сар гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаанд 1925 оноос 1987 оны хооронд таван удаа өөрчлөлт оруулж, 2-5 жил хүртэл хугацаагаар алба хааж байсан бол зургаа дахь өөрчлөлтийг 1992 онд батлагдсан “Бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулиар оруулж 12 сар буюу нэг жил байхаар хуульчлан тогтоож одоо ч мөрдөгдөж байна. Таны хэлж байгаачлан цахим орчинд хугацаат цэргийн албаны алба хаах хугацаатай холбоотой мэдээлэл үе үе цацагдаж, зарим судалгааны байгууллагуудаас судалгаа явуулж буй асуудал байгаа.

Тэгэхээр цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулахаар судалж байгаа хэрэг үү?

-Ер нь бол нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цэргийн сургалтын хөтөлбөр, агуулгад гарсан өөрчлөлт, хугацаат цэргийн алба хаасан иргэнд давуу эрх, хөнгөлөлт, урамшуулал олгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд цэргийн эрдэмтэн, судлаачидтайгаа хамтран судалгаа, шинжилгээний ажлыг хийгээд явж байна. Энэ асуудал нь нийгэм, эдийн засагтай, цэргийн насны залуусын амьдрал ахуйтай холбоотой тул маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргах, онцлон хэлэхэд энэ ажлын үр дүн нь цор ганц хугацааны тухай асуудал биш гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад жилд ойролцоогоор 25 мянга орчим иргэн цэргийн алба хаах насанд хүрч, нийт цэргийн насны 200 мянга орчим залуучууд байна гэсэн статистик судалгаа байдаг ч тэдний маш бага хувь нь цэргийн алба хааж байна. Ер нь бол Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйл дэх Монгол Улсын иргэний үндсэн үүрэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан байдаг ч энэ заалт хэрэгжихгүй байна. Цаашид цэргийн алба хаах хяналтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэн бүр цэргийн алба хаах тогтолцоонд шилжихгүй бол цэргийн бэлтгэл нөөц, тэр дундаа цэргийн нарийн мэргэжлийн бүрэлдэхүүний хомсдолд орох нөхцөл байдал үүсэж байна. Энэ асуудалд төрөөс онцгойлон анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цэрэгт явах залуучууд цөөрч байгаа нь цэргийн албаны талаарх ойлголтын зөрүү, зарим офицер, ахлагчийн харилцаа хандлага гээд олон учир шалтгаантай байх. Та мэргэжлийн хүний хувьд, нөгөөтэйгөөр цэрэг, армийн зовлон, жаргалыг сайн мэдэх хүний хувьд энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Миний бие сайдын албанд томилогдоод эхний ээлжид салбарын хэмжээнд сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, энэ талаар цөөнгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Эдгээрээс дурдвал, Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрээд байна. Мөн Дэд сайдаар ахлуулсан “Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийг ажиллуулж байгаа. Үүнээс гадна “Батлан хамгаалах-Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллаж байгааг та бүхэн мэдэх байх. Энэхүү тусгай дугаараар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй, 24 цагийн турш хүлээн авснаар бид бүхэнтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү утсанд маш олон санал, хүсэлт ирж тухай бүр надад танилцуулагдаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг “Хяналтын камер”-тай болгож, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудыг бүрэн камержуулж, хяналтыг сайжруулж байна. Эдгээр ажлууд үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарыг өнөөдөртэй харьцуулахад, сахилгын зөрчил 84.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Мөн Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбартаа “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэсэн уриалгыг дэвшүүлж, шат шатандаа эерэг хандлагыг төлөвшүүлэхээр нэлээд өндөр шаардлагыг тавьж байгаа. Аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлж байдаг гэдгийг салбарын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүнээ ухамсарлаж, бие биедээ тусалдаг, дэмжиж ажилладаг, хамт олны дунд зөв уур амьсгалыг бий болгодог байх нь чухал юм. Энэ ажил ч өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, манай алба хаагчдын албандаа хандах хандлага дээшилж, өөрчлөлт гарч байна.

Саяхан “Оюутан цэрэг”-ийн бүртгэл болж өнгөрлөө. Нийгмийн хүлээлт их байгаа бололтой, сурагласан сонирхсон эцэг эхчүүд, залуус маш их байлаа.

-“Оюутан-цэрэг” сургалтыг 2014 оноос хойш 13 аймаг болон нийслэлд зохион байгуулж, нийт 6000 гаруй их, дээд сургуулийн оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан. Өнгөрөгч 2022 онд 450 оюутныг сургалтад хамруулж цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэсэн. Энэ жилийн “Оюутан-цэрэг”-ийн бүртгэл энэ сарын 6-14-ний өдрүүдэд явагдаж, маш олон залуус бүртгэлд хамрагдсан байна лээ. Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан “Оюутан цэрэг” сургалт завсардах, элсэгчдийн тоо мөнгө, санхүүгээс шалтгаалан буураад байсан юм. Тэгвэл саяхан Ерөнхий сайд шийдвэр гаргаж, энэ жилийн сургалтад 1000 оюутан залуусыг хамруулан суралцуулахаар болсон. Энэ бол маш чухал шийдвэр юм. Яагаад гэвэл нийгэмд, тэр дундаа оюутан залуусын дунд тус сургалтад хамрагдах хүсэл тэмүүлэл, хэрэгцээ маш их байна. Цаашид хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах болно. Нөгөөтэйгөөр тус сургалтаар дамжуулан дээд боловсролтой нарийн мэргэжлийн цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх нэн ач холбогдолтойгоос гадна залуус маань их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн түргэвчилсэн онол, дадлагын сургалтад хамрагдаж, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл зүйн хаттай, эх орноо хайрлан хамгаалах үзэл, хүмүүжилтэй болж байгаа нь маш том үр дүн юм.