Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг цахимаар шилжүүлэх боломжтой болжээ

O.Admin
2024-02-26

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан. 

Тэгвэл одоо Autobox аппликейшн ашиглан тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжтой болжээ. Тус аппликейшнаас нийт зургаан төрлийн үйлчилгээ, дөрвөн төрлийн лавлагааг авах боломжтой.  Нэвтрэхдээ E-Mongolia платформын танилтын дан систем буюу хяналтын системээр дамжин нэвтэрч, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой.

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амар “Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.  Мөн улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.  Бүх төрлийн лавлагаануудыг авах боломжтой. Тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно” гэв.