Малчдад туслах аяны хүрээнд тэрбум төгрөгийн хандив цугларчээ

O.Admin
2024-02-26

Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр малчдад өгч буй хандив, тусламжийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Одоогийн байдлаар 2,829 малчин өрхөд өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тэжээлийн хангалт буюу "Хөдөө аж ахуйн корпорац" төрийн өмчит компанид хадгалагдаж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилалт хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг "Хөдөө аж ахуйн корпорац"-тай 3,500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж татах ажил эхэлсэн. Тухайлбал Баянхонгор, Төв, Хэнтий аймгууд тэжээлийн будаагаа татан авч, цааш сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна" гэлээ. 

Улсын Онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэд, ААН-үүд малчдад туслах хандивын аян зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материалыг УОК-т хүлээлгэн өгчээ. 

Түүнчлэн, Олон улсын 17 байгууллагаас долоон аймгийн 64 сумын 174,930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлж байгаа аж.