Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр

O.Admin
2024-04-02

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.

Үүнтэй холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизмын хүрээний эмгэгийн шалтгааныг одоог хүртэл шинжлэх ухаан олж нээгээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.