YALE: Дэлхий хоёр хэм дулаарахад Монголд зуд 20 хувиар нэмэгдэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-07-19

- Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг тааруу байна- 

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий монголчуудын хувьд танил сэдэв. Гэхдээ хангалттай мэдлэг, дадалтай юу гэвэл үгүй. Үүнийг хамгийн сүүлд Даян дэлхийн ногоон хөгжлийн инстутитээс явуулсан судалгааны үр дүн гэрчилнэ. Тус байгууллагаас уур амьсгалын өөрчлөлтийн талаарх монголчуудын мэдлэг, хандлага, дадал болон мэдээллийн хэрэглээний судалгааг 2023 онд хийсэн байх бөгөөд үр дүн нь манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 25 орны нэг ч иргэд нь мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгааг харуулсан байв. 

Судалгаанд 2804 иргэн хамрагдсанаас 67.3 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонссон гэж хариулсан бол ердөө 23.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгээ хангалттай гэж үнэлжээ.

Сонирхолтой нь,  6.8 хувь нь аж үйлдвэржсэн улс орнууд л уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гэж хариулсан бол таван хүн тутмын нэг нь уур амьсгалын өөрчлөлт бол далдын хүч, байгаль эх шийтгэж буй дохио гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байх юм.

Судалгаанд оролцогчдын ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт ноцтой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэдий ч өөрсдөөс нь хол байгаа зүйл гэж үзэх хандлага хүчтэй байсан нь хот, хөдөөгийн аль алинд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал тааруу байгааг харуулж байна хэмээн судалгааны баг онцолсон байлаа. 

Эх сурвалж: Даян дэлхийн ногоон хөгжлийн инстутит

Судалгааны тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж харна уу

Иймд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн явагдаж байгаа, хэрхэн нөлөөлж буй талаар болон Монгол Улс ямар оролцоотой байгааг цувралаар бэлтгэн хүргэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байна вэ?

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эхний 25 орны нэг. Хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдсэнтэй холбоотой дэлхий дулаарал аж үйлдвэржилтийн хувьсгалын өмнөх үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд цельсийн 1.8 хэм орчим нэмэгдсэн бол Монголд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд үүнээс хоёр дахин их буюу агаарын хэм дунджаар 2.25 хэмээр нэмэгджээ.

Монгол Улсын жилийн дундаж температур

Эх сурвалж: www.Climatewatchdata.org

Уур амьсгалын энэ өөрчлөлтийн улмаас байгалийн аливаа гамшигт үзэгдлийн давтамж хэд дахин нэмэгдэж, ургацын гарц буурч, бэлчээрийн доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудал дагуулж байна. Цаашлаад Монголчуудын хүнсэндээ голлон хэрэглэдэг мах, сүү цагаан идээ, хүнсний ногооны нөөц бууран, үнэ өсөж, эмзэг байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Нөгөө талаас, ХАА-н гарц багассанаар малчдын орлого, цаашлаад нийт эрэлт болон бүтээмж буурах замаар бусад салбарт нөлөөлж болзошгүй юм. /Эх сурвалж: mongolbank.mn/

Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртжээ

Монгол Улс 1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутагтай ч ердөө найм орчим хувийг ой мод эзэлдэг. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байна /Эх сурвалж: БОАЖЯ/. Монгол орны цөлжилтийн гол хоёр шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, хүний ​​буруутай үйл ажиллагаа юм.

Desertification of Mongolia, 2020 Source: Desertification atlas, Ministry of Environment and Tourism, Mongolia, 2020

2023 оны дөрөвдүгээр сард ихэнх нутгаар өдөр бүр хүчтэй салхи шуургатай, шороогоор шуурсан тухай Цаг уурын орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цөлжилт нь сүүлийн жилүүдэд Монголд шар шороон шуурга ихсэх гол хүчин зүйл болж байгаа юм.  Шар шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа нь Монгол орны хөрс ихээхэн доройтож байгаагийн илрэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. /Эх сурвалж: Xinhua.net/

Малын тоо толгой сүүлийн 30  жилд гурав дахин нэмэгдсэний  улмаас бэлчээрийн даац хэтэрч,  хөрсний доройтол нүүрлэж  байна. Монгол Улсын Засгийн газраас 1990-2001 оны хооронд цөлжилтийн эсрэг 14 төсөлд 24.6 сая ам.доллар зарцуулжээ. 

Дэлхий хоёр хэм дулаарвал Монголд зуд 20 хувиар нэмэгдэнэ

In Mongolia, a Killer Winter Is Ravaging Herds and a Way of Life - Yale E360

Их Британиас зургаа дахин том газар нутагтай боловч ердөө 3.4 сая хүн амтай Монгол Улс өвлийн улирлыг эрс өөрчилж, эрс тэс нөхцөл байдлыг бий болгож буй шалтгааны тэргүүн эгнээнд уур амьсгалын өөрчлөлт бичигдэж байна. Йелийн хүрээлэн буй орчны сургуулиас нийтэлсэн нийтлэлд дурдсанаар, Арктикийн дулааралт нь урсгалыг сулруулж, туйлын хүйтэн агаар Монголд ирэх боломжийг бий болгож байгаа аж.

Өмнө нь 10 жилд нэг удаа тохиолддог байсан зудын тохиолдол ч бас ойр ойрхон тохиолдох болсон бөгөөд 1961 оноос хойш Монголд унах цасны хэмжээ дунджаар 40 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна 2000-2016 онд Монголд хүйтний эрч 1981-1999 оныноос дунджаар 28 хувь илүү байсан тухай “Royal Meteorological Society's International Journal of Climatology” сэтгүүлийн 2020 онд хийсэн судалгаа харуулжээ. Хэрэв дэлхий хоёр хэм орчим дулаарсан хэвээр байвал 2080 он гэхэд зуд 20 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж Йелийн тайланд дурджээ. /Эх сурвалж: e360.yale.edu/ Мэдээллийг ЭНД дарж бүрэн эхээр нь унших боломжтой. 

Гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэв

Аадар бороо, хүчтэй салхи, их  цас, үер, ой хээрийн түймэр гэх  мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн.

Сүүлийн 28 жилд (1992-2020)  хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд  багтдаг нүүрсхүчлийн хийн  агууламж 16.5 хувиар, метаны  агууламж 8.8 хувиар тус тус  нэмэгджээ.

Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? 

Уур амьсгал (climate) гэж аливаа газар,  нутгийн цаг уурын урт хугацааны дунджийг хэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь тухайн газар, нутгийн агаарын  дундаж температур, жилд орох хур  тунадасны хэмжээ, цаг агаарын аюултай  болон гамшигт үзэгдлийн давтамж, хор  хөнөөл зэрэг үзүүлэлтэд урт хугацаанд  гарсан өөрчлөлтийг хэлнэ. Яг одоо  дэлхийн дулаарал явагдаж, уур амьсгал  хурдацтай өөрчлөгдөж байна.

Уур амьсгалын өөрчлөлт юунаас үүдэлтэй вэ?

 Уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх  шалтгаануудын нэг нь агаар мандалд “хүлэмжийн хий” ялгаруулж буй хүний үйл ажиллагаа юм. Тухайлбал, газрын  тос, байгалийн хий, нүүрсийг шатаах үед  хүлэмжийн хий ялгардаг. Хүлэмжийн хий  нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын  исэл, азон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Эдгээр хий дэлхийн агаар  мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж,  дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг  бүрдүүлж ирсэн.

Гэвч хүний буруутай үйл  ажиллагааны улмаас хүлэмжийн хийн  агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам  бүр нэмэгдсээр байгаа нь манай гаригийн  температурыг нэмэгдүүлж, улмаар уур  амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байна. Өнөөгийн дэлхийн температурыг 19-р  зуунтай харьцуулахад 1.8 хэмээр нэмэгдэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ 50 хувиар өсжээ.

2022 оны тоон мэдээллээс үзвэл дэлхийн дундаж дулааралт (далайг эс тооцвол дулаарал) аль хэдийн 1.81°С-аар нэмэгдсэн байх бөгөөд Монголд хамгийн их (2.54°С), Бангладешт хамгийн бага (1.1°C) байна.

Хэрэв улс орнууд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр энэ байдал цааш үргэлжилбэл 2100 он хүртэл дунджаар жил бүр дэлхийн ДНБ-ий 5 орчим хувийг алдах тооцоолол байна. Иймээс дэлхийн улс орнууд харилцан санал нэгдсэний үндсэнд хамгийн сүүлд Парисын хэлэлцээрийн дагуу энэ зууны сүүл гэхэд дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеэс +2 градус, цаашлаад +1.5 градусаас хэтрүүлэхгүй байхад өөрсдийн хувь нэмрийг оруулах төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлэхээр амлалт өгөөд байна. Манай улсын хувьд тус хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан юм.

Зүүлт: Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.

Reference: This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia - Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.