Жил бүр улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг билээ. Өнгөрсөн хугацаанд олон ч бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрч, тодорхой хэмжээнд хариуцлага тооцож ирсэн. Энэ жилийн тухайд хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсоор мэдээлсэн. Түүний нэг нь Улсын аварга Э.Оюунболд гэдэг мэдээллийг ч янз бүрийн эх сурвалжууд цацаж, МҮБХ-ноос шаардлага хүртэл хүргүүлээд байна. Гэвч Улсын аварга Э.Оюунболд энэ бүхнийг үгүйсгэж, өөрийг нь зохион байгуулалттайгаар хорлох гэж байна. Шинжилгээнд өгсөн шээсийг сольсон гэсэн мэдээлэл хийлээ. Ийм маргаан өнгөрсөн жилүүдэд ч гарч байсан. Тэгвэл шинжилгээнд өгсөн шээсийг солих боломжтой эсэх талаар “Монголын допингийн эсрэг үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, доктор Г.Сүхбаттай ярилцсан ярилцлагыг сэргээн хүргэж байна. Энэхүү ярилцлагыг өнгөрсөн жилийн улсын баяр наадмын өмнө авч байсан билээ.
-Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байгаа. Энэ хугацаанд цөөнгүй бөхөөс допинг илэрсэн. Энэ жилийн хувьд 31 бөхөөс шинжилгээ авахад долоогоос нь илэрлээ. Одоогоор таван бөхийн нэрийг зарлаж, наадамд барилдахыг нь хориглосон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Баяр наадмын хуулиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээг зөвхөн наадмын үед авдаг байсан. Өнгөрсөн оноос Биеийн тамир спортын хэрэгжүүлэгч агентлаг үндэсний бөхөөс сэргээшийн шинжилгээг зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн. Улмаар Биеийн тамир спортын хэрэгжүүлэгч агентлаг, “Допингийн эсрэг төв” хамтран “Допинггүй монгол бөх” төсөл хэрэгжүүллээ. Энэ хүрээнд нийт 43 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Энэ нь баяр наадмын бус барилдааны үед гэсэн үг. Баяр наадмын бус барилдааны үед допингийн шинжилгээнд хамруулсан 43 бөхийн долоо нь допинг хэрэглэсэн болох нь илэрсэн. Энэ долоогоос хоёр нь “B” сорьцоороо баталгаажуулахаар хүсэлтээ тавьсан. Түүнийг нь хүлээн авсан. Бусад таван бөхийг допинг хэрэглэсэн болохыг олон нийтэд зарласан байгаа.
-Х.Баянмөнх аварга АТГ-т хандсан. Түүнийхээ дараа мэдээлэл өгөхдөө допингийн шинжилгээ авч буй процессын ард хуудуутай зүйл байж магадгүй гэж байна лээ. Бөхчүүдийн нэр хүндэд халдаж байна гэсэн мэдээлэл өгөх хүмүүс ч байдаг. Шинжилгээ авах үйл явц хэрхэн өрнөдөг юм бэ?
-Допингийг шинжлэх, түүний хариуг мэдээлэх гээд бүх зүйл олон улсын стандарттай байдаг. Стандартын дагуу хэрэгжүүлдэг гэсэн үг. Монгол Улс допингийн эсрэг дэлхийн конвенцод нэгдэж, Их хурлаараа тунхаглаж баталсан учраас тэр хуулийг биелүүлэх үүрэг хүлээсэн. Допингийн эсрэг үндэсний төв энэ үүргийг хэрэгжүүлж ажиллах нэг байгууллага. Дээрээс нь энэ стандартыг спортод хамааралтай бүх хүмүүс, холбоод, байгууллагууд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй. Допингийн шинжилгээ авах явц олон улсын стандартын дагуу болдог учраас хэвлэл мэдээлэлд гараад байгаа болон ам дамжсан яриа шиг шинжилгээний хариу солигддог, хуудуутай авдаг, авсан хариуг нь дардаг, дарсныгаа өөрчилдөг асуудал огт байхгүй. Тийм зүйл хийх нөхцөл, үндэслэл ч байхгүй. Учир нь шинжилгээг олон улсын сургалтад сууж, тодорхой эрх авсан хүмүүс хийдэг юм. Захын нэг эмнэлгийн сувилагч ирээд хийчихдэг юм биш. Шинжилгээ авах үйл явц ч гэсэн олон улсын стандарттай. Ямар тамирчнаас, хэдийд яаж авах вэ гэдэг нь ч өндөр хяналттай үйл явц.
Тухайлбал, шинжилгээ авч байгаа үйл явцыг 3-4 хүний гарын үсгээр баталгаажуулдаг. Нэгдүгээрт, миний шинжилгээг үнэн авсан гэж өгч буй тамирчин өөрийн гарын үсгээ зурдаг. Хоёрдугаарт, шинжилгээг авч буй допингийн хяналтын ажилтан бас гарын үсэг зурна. Гуравдугаарт, давхар хяналт тавьсан допингийн ажилтан бас гарын үсэг зурдаг юм. Бүр шаардлагатай гэж үзвэл тамирчнаа дагаж ирсэн дасгалжуулагч давхар гарын үсэг зурна. 3-4 хүний гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн нэг хувь нь тамирчинд үлдэнэ. Нэг хувийг нь Дэлхийн допингийн агентлаг руу явуулдаг. Бас нэг хувь “Допингийн төв”-д үлддэг бол өөр нэгийг лабораторид үлдээдэг. Допингийн шинжилгээ өгч байгаа хүний нэрийг саван дээр бичдэггүй, нууц кодтой байдаг. Тиймээс солих, засуулах, даруулах ямар ч боломж байхгүй. Дэлхийн допингийн агентлагаар баталгаажсан лаборатори дэлхий нийтэд 30 гаруй байдаг. Тийм өндөр шалгууртай. Дурын лабораторид хийдэггүй. Манайх Өмнөд Солонгосын допингийн шинжилгээ хийдэг баталгаат лабораториар шинжлүүлдэг юм.
-Допингийн шинжилгээг авчихаад хариу нь удаан гарч байна. Энэ хооронд асуудал гарлаа гэж хардаад байх шиг байгаа юм?
-Хугацаа удаан байх нь аргагүй. Дэлхий нийтэд хэчнээн тэмцээн болж, хэдэн тамрчин оролцож байгаа билээ. Гэтэл 30 гаруйхан лаборатори сэргээшийн шинжилгээ хийдэг гээд бодохоор маш их дараалалтай байж таарна. Манайд байгаа зарим лабораторид шинжилгээ өгөх гээд долоо хоног, сар хүлээдэг биз дээ. 10, 20-оороо байдаг лабораторид шүү. Гэтэл дэлхийн хэмжээнд тэмцээн болоод өнгөрөхөд хэдэн зуун тамирчнаас авсан шинжилгээнд удаан хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Баталгаат лаборатори хэдийд хариу ирүүлнэ эрт үед нь л зарлана. Түүнээс биш бид хөндлөнгөөс оролцоод, манай шинжилгээг хурдан хийгээд өг гэж хэлэх эрх зүйн үндэс ч байхгүй.
-Бөхчүүд допингийн шинжилгээг Бөхийн холбоотой хамаатуулж хардаж, сэрддэг. “Намайг унаад өг гэхээр унаж өгөөгүй. Түүнээс болоод допингтой гэж нэр төрд халдлаа” гэсэн мэдэгдэл хийж байсан бөх бий. Бөхийн холбоо допингийн шинжилгээнд оролцдог юм уу?
-Допингийн шинжилгээнд допингийн эсрэг байгууллага, лаборатори л оролцдог. Түүнээс биш өөр ямар ч хөндлөнгийн оролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий тусгай байгууллага мэргэшсэн ажилтнаараа дамжуулж олон улсын стандартад нийцсэн лабораторид хийлгэдэг. Тэгэхээр энэ ямар ч үндэслэлгүй хардалт гэсэн үг. Баяр наадмын хуулиар шөвгийн 16-д үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ ав гээд заагаад өгчихсөн бол Бөхийн холбоонд хамаарахгүйгээр л авна. Шинжилгээний хариуд ч Бөхийн холбоо ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. Өрсөлдөгчөө намнахын тулд хаа хамаагүй зүйлд гүтгэдэг, үндэслэлгүйгээр харддаг байдлаа болих хэрэгтэй.
-Зарим бөхчүүд бэртлийн эм уусан. Допингийн жагсаалтад орсон эм байсныг мэдээгүй гэж өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийгээд байдаг. “Допингийн эсрэг төв” допингийн төрлийн эмийн жагсаалтыг гаргаж, тамирчдад мэдээлэл өгдөг биз дээ. Тэр дундаа допингийн эсрэг эмийн жагсаалтад шинээр орж байгаа эм, бодисыг мэдээлэх ёстой байх?
-Манай төвийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь сургалт, сурталчилгаа байдаг. Үүнийг зөвхөн “Допингийн эсрэг төв”-өөс гадна спортод хамааралтай бүх байгууллагууд хийдэг. Спортод нэр холбогдсон бүх хүн өөрийн үүргийг биелүүлж, хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Допингийн эсрэг төвөөс жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд эмийн жагсаалтыг гаргаж, өөрийн веб хуудсанд байрлуулж, зарим холбоодод албан ёсоор хүргүүлдэг. Хувь хүмүүс өөрсдийн хэнэггүй байдал, мэдэх гэсэн хүсэлгүйгээс ийм байдал гаргадаг. Хангалттай мэдээлэл хүргэж байгаа. Олон улсын тэмцээнд оролцож буй манай тамирид энэ талаар маш сайн мэдлэгтэй байдаг.
Үндэсний бөхчүүдэд энэ талын сургалт, сурталчилгааг чамгүй сайн тараадаг гэж боддог юм. Бөхийн өргөөнд хүртэл зохион байгуулж байсан. Тэгэхээр мэдэхгүй өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад нийт тамирчид болон биеийн тамирын зүтгэлтнүүдэд уриалга гаргахыг хүсч байна. Допинг хэрэглүүлж буй хүмүүсийг илчилж, өөрийн нэр төр, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна. Допинг хэрэглэсэн тамирчин л шийтгэл хүлээгээд хоцордог. Түүнд хэрэглүүлсэн эзэд нь эм бэлдмэлээ зарж, халаасаа түнтийлгээд гэмгүй хоцордог. Тэднийг илчлэхгүй бол асуудал даамжрах болно. Үүнийг л хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Ийм эм бэлдмэлийг хууль бусаар худалдаж, бөхчүүдэд хэрэглүүлдэг хүмүүс байгаа сурагтай. Допинг хэрэглэсэн бөхчүүд зарсан хүмүүсийг нотолгоо баримтайгаар илчилж, өөрийн нэр төрийг цэвэрлэж аваарай.
-Допингийн жагсаалтад орсон хориотой эмүүдээс ямар хэмжээнд хэрэглэж байж хүч тамир нь нэмэгддэг юм бэ. Ганц хоёрхон эм уугаад, хүч тамиртай болоод, өрсөлдөгчөө амархан унагана гэж байх уу?
-Эмийн үйлчлэлээс шалтгаална. Хамгийн гол нь эдгээр эмүүдийг эрүүл хүнд өгдөггүй. Өвчтэй хүнд өгдөг. Жишээлбэл, хүнд өвчний улмаас тамир нь тасарсан, хавдрын аюултай өвдөлттэй түүнээсээ ангижрахын тулд хэрэглэдэг эмнүүд байдаг. Эрүүл хүнд эм өгөхгүй биз дээ. Тэгэхээр ийм төрлийн эмийн бодисуудыг допингийн төрөлд оруулж хориглоод байгаагийн учир нь тэр. Их, бага тунгаар уусан л бол хүний биед сөрөг нөлөө үзүүлэхдээ амин чухал эрхтнүүдийг гэмтээнэ. Улмаар амь насаа алдах хүртэл эрсдэлтэй. Мөн үр удам нь тасарна. Шударга бус өрсөлдөөн бий болох мөн допинг хэрэглэсэн тамирчид амь насаа алдаж байна. Үүнээс сэргийлэхийн тулд хорьж өгөөч гэж тамирчид өөрсдийн хүсэлтээр допингийн эсрэг тэмцлийг анх гаргасан түүхтэй.