УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны маргаан, Их эеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та бүхэн ойлголцож чадсан уу. Удахгүй улсын их баяр наадам боллоо. Гэтэл бөхчүүд нь талцаж, эцэс, төгсгөлгүй хэрүүл маргаан өрнөж байна шүү дээ?
Бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгосон. Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, тэргүүтэй бөхчүүд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар гарын үсэгт зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна. Монголын үндэсний бөхийн холбоо ард түмний өмч, өв их соёл. Цаашлаад улсын баяр наадам эмх замбараагүй болно.
-Тэгээд цаашид яах вэ. Эсвэл бөх барилдахгүй наадамлах юм уу?
-Хэрвээ бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрнэ. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам л сайхан болох ёстой. Би өнөөдөр үнэн, шударга үнэнийг хэлж байна.
-Өнгөрөгч сард болсон Их эе хуралдаанд танай талыг төлөөлсөн хэн ч оролцоогүй юм бэ. Энэ талаар тайлбар өгөөч?
-Бид тэр хуралдаанд оролцох, ойлголцох боломж байгаагүй.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байгаа шүү дээ?
-Энэ допингийн асуудал Дарван аварга Б.Бат-Эрдэнэтэй холбоотой. Хэний нэр төрийг гутаах, хэнийг барилдуулах вэ гэдгийг Б.Бат-Эрдэнэ аварга зохион байгуулж байна. Гарьд Ө.Бат-Орших “Би допинг хэрэглээгүй, Увс аймгийн бөх гэдгээрээ л гадуурхагдаж байна” гэж хэлсэн. Допингийн асуудал цэг тавих, эсэргүүцэх ёстой.
-Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эвээ олж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авч, зарим бөхчүүдийн цолыг хураана гэсэн. Та бүхэн энэ байдлаараа бол цолоо хураалгах юм биш үү?
-Ард түмний хөрөнгө оруулалт болон төрийн хөрөнгө оруулалт буюу 1.6 тэрбум төгрөгөөр боссон. Өнөөдрийг хүртэл Бөхийн өргөөний тайлан байдаггүй. Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон бол тайлангаа ч гэсэн үнэн зөвөөр л тайлагнах ёстой.