ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Цэрэнбат: АТГ улстөржсөн мэдэгдэл хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-30

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Таныг 200 орчим сая төгрөгийг  өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэж АТГ-аас мэдээлсэн. Энэ үнэн үү?
-АТГ-ын мэдээллийг сонс­сон. Албан ёсны мэдээлэлд засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт 26 компани бий. Түүний нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг албан ёсоор хэлсэн.

-АТГ-аас өгсөн мэдээлэл тэгээд ямар учиртай юм бэ?
-Хамаарал бүхий ком­паниудаа хөрөнгө орлогын мэдүүлэгт бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацийн өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролц­сон хаалттай чуулганд  энэ асуудлыг ярьсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирдэг. Асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа. Наадмын дараа АТГ манай яаманд  мэдэгдэл өгөхдөө “төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн байсан.

-Мэдэгдлийг үгүйсгэж байна гэсэн үг үү?
-Яамны 30 жилийн ой тохиох үед дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гараад, ном журмын дагуу ажлаа хийсэн.

-Шалгуургүйгээр  “Эрдэнэ­зул” компанийг сон­го­сон юм уу?
-Үгүй. Ойг тэмдэглэх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан. Тэд тус тусын ажлаа хийснээс өөр зүйлгүй.

-Засгийн газрын гурван ч сайдыг шалгаж байгааг АТГ мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?
-Үгүй, яриагүй.

-Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг 2019 онд хязгаарлах шийдвэр гаргасан. Танайхаас гэр хорооллын айлуудад ян­дангийн шүүлтүүр тавина гэсэн мэдээлэл байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Утааны бохирдлыг буу­руулах богино хугацаат ажлыг хариуцаж байсан “Цэвэр агаар сан” татан буугдсан. Энэ бүх асуудал манай яаманд шилжиж ирсэн. Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл ярьж байж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Бид “дэд бүтцийг сайжруулж, орон сууцжуулахад төдий хэмжээний хөрөнгө хэрэг­тэй” гээд яриад, суугаад байж болно. Харин богино хугацаанд утааг бууруулах нь хамгийн зөв алхам юм. 

-Зуух тараагаад үр дүнд хүрээгүй. Шүүлтүүр тавиад ч утаа багасахгүй шүү дээ? 
-Индукцийн технологид суурилж, агаарт тархаж буй нүүрсхүчлийн хий болон азотыг  бууруулах туршилт гэж ойлгож болно. Энэ туршилтыг өнөөдөр /өчигдөр/ эцсийн байдлаар хийлээ.  Хэрэв шийдэгдчихвэл оны эцэст  төсөв санхүүг шийдэж,  туршиж эхэлнэ. Тэгээд ирэх оны төсөвт хөрөнгө хуваарилж, албан ёсоор хэрэгжүүлнэ.  Ингэж байж эрүүл мэндээ хамгаалах ёстой.

-Утаа яриад арав гаруй жил болж байна. Хамгийн зөв шийдэл нь орон сууцжуулах шүү дээ?
-Бид хандлагаа өөрчлөөд, ажил хийж байгаа нэгнээ дэмжээд, урагшлах ёстой. Энэ төсөлд хамтарч байгаа компани БНХАУ-ын ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага. Өнгөрсөн найман сарын турш төсөл дээр ажиллаж байна. Тэд эцсийн хувилбараа өнөөдөр танилцуулна. 

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл айл өрхийн хэрэглээг 100 хувь хангаж  уу?
-Монгол Улсад мөрдөж байгаа хэд хэдэн хууль цаашдын хөгжлийн тулгуурт хүндрэл учруулж байна. Тухайлбал, Тендерийн тухай хууль юм. Тендер шалга­руулалтад оролцох аж ахуй нэгжид тавьж байгаа шалгуур өндөр байдаг учраас асуудал үүсээд байгаа юм.  Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүсэлтээ хувийн хэвшлүүдээс олон санал ирсэн. Удахгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, шийдвэрээ гаргана.