ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Энхболд: Өргөө амаржих газар анх тэрбум төгрөгийн өртэй ирсэн

O.Admin
2024-04-16

Эмийн сонсголд шинжээч худалдан авах ажиллагааны гажуудал, эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн шалтгааны чиглэлээр “Өргөө амаржих” газарт хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулсан. Улмаар дараах асуултыг хяналт шалгалтын түр хорооны гишүүд асууж, дараах хариултыг өглөө. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

- Өргөө амаржих газрын худалдан авах ажиллах ажиллагааны эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын асуудал ямар байна вэ. Дуслын системийг найман өөр үнээр ямар хугацаанд худалдан авсан бэ. Марль гэхэд анхны үнэ нь 560. Найм дахь үнэ нь 1560 буюу гурав дахин өндөр үнэ. Энэ ямар хугацаанд вэ. Тодруулж өгнө үү. Хоёрдугаарт, тус газарт үүссэн эмийн өрийг тухайн эмнэлэг хэрхэн яаж барагдуулж ирсэн бэ. Эмнэлгүүд худалдан авалтаа өөрсдөө хийдэг. ЭМЯ, нийслэлийн ЭМГ огт оролцдоггүй. Ингэж яваад жилийн эцэст өртэй гээд гомдол санал гаргаж байгаад янз бүрийн аргаар шийдүүлдэг. Тэр өр нөгөө л эм хангамжийн байгууллагад очно. Цаанаа эм ханган нийлүүлэх байгууллагатайгаа хамааралтай байвал энд ямар ашиг сонирхол харагдаж байна вэ. Зориуд өр үүсгэдэг юм биш үү. Шинжээч та яаж дүгнэж байна вэ?

Шинжээч: 

-Танилцуулга дахь тоон мэдээлэл зөвхөн 2022 оны үйл ажиллагаа болон 2023 оны эхний хагас жилийн хугацаанд буюу жил хагасын хугацаанд хамаарч байгаа. Хоёрдугаарт, эм нийлүүлэх байгууллага тухайн эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны хооронд хясан боогдуулах замаар, эсвэл эмнэлгийн байгууллагын удирдлага худалдан авах ажиллагааны чадавх сул учраас цагийг нь тулгаж байгаад хамгийн өндөр үнээр худалдан авалт хийдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 24 цагийн турш тасралтгүй үргэлжилж байгаа учраас энэхүү хүнд нөхцөл байдлыг ЭМЯ-наас гал унтраасан, аргацаасан байдлаар шийдэж өнөөдрийг хүрсэн нийтлэг дүр зураг байна. Хяналтын тогтолцоо үйлчлэхгүй байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд дураараа, харилцан адилгүй худалдан авалтын асуудалд хандаж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Өргөө амаржих газрын асуудал олон жил яригдаж байгаа. Даргынх нь асуудал нэг талдаа шийдэгдсэн үү. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хэр чанартай байгаа вэ. 2023 онд Өргөө амаржих газарт хоёр эх, 43 нярай эндсэн байна. Үүний шалтгааны талаар ЭМЯ ямар дүгнэлт хийж, арга хэмжээ авсан бэ?

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

- Ганц эмнэлэгт хяналт шалгалт хийсэн байна гэж ойлголоо. Гэхдээ та бүгдийг хамаатуулж ярьж болохгүй. Өргөө амаржих газар өмнө нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан. Иргэд яам бүх эмнэлгийг хариуцдаг гэж ойлгодог.  Дүүрэг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрөх эмнэлгүүд нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд явдаг. Яамны харьяанд 21 байгууллага бий. Үүнтэй холбоотой асуудал гардаг учраас 2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газарт санал оруулж, гурван төрөх эмнэлгийг яамны харьяанд авсан.

Анх 2021 онд яамны харьяанд ирэхдээ тэрбум төгрөгийн өртэй ирсэн. Хоёрдугаар төрөх эмнэлэг ч өртэй байсан. Менежментийн баг томилж арга хэмжээг хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд сэргэсэн. Нэгдүгээр төрөх эмнэлгийн удирдлагын асуудлаар би одоо ч шүүх дээр яваа.

Дотор нь ажилладаг эмч ажилтнуудын гомдлын дагуу ЭМЯ, Засгийн газраас хяналт шалгалт хийсэн. Засгийн газрын хяналт шалгалт бол өргөн бүрэлдэхүүнтэй байсан. Удирдлагын сахилга бат, хариуцлага тооц гэсэн зөвлөмж ирсэн. Энэ дагуу 2022 оны аравдугаар сард удирдлагыг сольсон. Шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй учраас дарга томилогдохгүй түр орлон гүйцэтгэгчтэй явж байгаа. Хариуцлага тооцох арга хэмжээ авсан. Өмчийн асуудал шийдэгдэхгүй байсан учраас төрөх эмнэлгүүд буцаад 2024 оноос нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд шилжсэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож:

-Засгийн газрын тогтоолоор 2024 оны нэгдүгээр сараас эхлэн гурван амаржих газар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд шилжиж ирсэн. Ингэхдээ нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгийн өртэй ирсэн. Төрөлжсөн эмнэлгийн статустай байсан бол одоо амаржих газрын статустай байгаа. Удирдлагын шүүхийн маргаантай байгаа учраас даргыг томилох боломжгүй. Өргөө амаржих газарт нийтдээ дөрвөн удаагийн хяналт шалгалт хийсэн. Үүний дагуу ажил сайжруулах зөвлөмж өгсөн. Одоогоор менежментийн баг томилогдон ажиллаж байна. Ажил үргэлжилж байгаа.