ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лхагвадорж: МАН унаж байгаа нэр хүндээ өсгөхийн тулд С.Зориг агсныг ашиглаж байна

O.Admin
2024-04-17

С.Зоригийн хөшөөг нүүлгэж, газар дээр нь барилга барихаар болсон тухай нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.


-Сонгууль бүрийн өмнө л С.Зориг агсантай холбоотой ямар нэгэн асуудал гарч ирдэг. Энэ удаад ч давтагдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тантай санал нэг байна. Энэ жилийн сонгууль болоход 80 орчим хоног үлдлээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “С.Зоригийн хөшөөг Ардчилсан намынхан зарчихлаа” гэсэн агуулга бүхий мэдээллийг цахим орчинд тараасан. Тэгэхээр үе, үеийн сонгуулиар Ардчилсан нам, гишүүдийн зүрхэнд нь хайрлагддаг, гол баатар нь болсон С.Зориг агсны нэр хүндийг ашиглан улс төр хийж, сонгуулийн оноог авах зорилгоор энэ мэт үйлдэл хийдэгт харамсдаг. Хотын даргын мэдээллийг үзээд үнэхээр харамссан. С.Зориг агсны хөшөө бол “С.Зориг сан”, ард түмний өмч гэж ойлгож болно. Учир нь тус хөшөө ард түмний хандиваар боссон. Тийм болохоор энэ хөшөөг зарах эрх Ардчилсан намд байхгүй. Тиймээс үнэхээр уг хөшөөг зарсан эсэхийг мэдэхгүйдээ ийм мэдээлэл гаргасан бол “С.Зориг сан”-аас очиж асуу гэдгийг Х.Нямбаатар даргад зөвлөе. Хэрэв энэ хөшөө зарагдах дээрээ тулдаг юм бол хамгийн түрүүнд эсэргүүцэх нь Ардчилсан нам, тус намын мянга, мянган гишүүн, дэмжигчид байх болно.

-С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж амлаж УИХ-ын гишүүн болж байсан тохиолдлууд бий. Чухам яагаад ингээд байдаг юм бэ?

-Эрх баригч намынхны хувьд улс төрийн оноо авах хамгийн гол сэдэв нь С.Зориг агсан байдаг. Тэр хүнийг хэн алсан бэ гэдгийг илрүүлэх гэж огт хичээдэггүй. Харин зүгээр л улс төрд ялалт байгуулах сэдэв болгож ашигласаар ирсэн. Энэ бол бодит үнэн.

-Ерөнхий сайд уг хэргийн дараа хуралдсан Засгийн газрын протоколыг ил болгох тухай ярьсан. Ингэснээр хэргийн эзнийг олоход нөлөө үзүүлэх болов уу?

-Тэртээ 1998 оноос хойш нэг л зүйлийг МАН ярьсаар ирсэн. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хүнийг олно. Нууцад байгаа мэдээллийг ил болгоно л гэдэг. 26 жил өнгөрчихөөд байхад л өнөөхөө ярьсаар л байна. Харин ямар ч бодитой үйлдэл хийсэнгүй. Одоо бид юунд нь итгэх юм бэ.

Итгэх зүйл МАН-д үлдсэнгүй. Өнөөдөр өдрөөс өдөрт эрх баригч намын нэр хүнд унаж байна. Үүндээ их буахимдаж байх шиг байна л даа. Сүүлдээ нийслэлийн Засаг дарга нь гудамжинд гараад шүүмжлэл хэлсэн иргэдээ элдвээр харааж, зүхэж уураа гаргаж эхэллээ.

Ард түмнээ хэмжээндээ байгаарай гэж занаж байна. Тийм болохоор би саяхан “Х.Нямбаатар дарга хаваршаа юу даа” гэж хэлсэн. Учир нь хавар болохоор хүний хууч өвчин хөдөлдөг. Ийм л юм болоод байх шиг байна. Дээрээс нь эрх баригчдад өнгөрсөн найман жилийн туршид хийж хэрэгжүүлсэн зүйл хэлье гээд ч байхгүй. Ингэхээр нэр хүнд нь унахаас яах билээ. Гэтэл нөгөө талд нь Ардчилсан намын нэр хүнд өссөөр байна. Тийм болохоор манай намыг харлуулах гол арга нь С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл сэвэх байжээ.

-С.Зориг агсны ах нь “Шинэ дэвшилтэт холбоо”-ноос ийм утгатай албан бичиг ирсэн гэсэн утгатай зүйл хэвлэлд ярьсан байсан. Энэ ямар учиртай юм бэ. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Ардчилсан хувьсгалыг авч ирэхэд дөрвөн холбоо голчлон оролцсон байдаг. Эдгээр нь Шинэ дэвшилтэт холбоо, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист холбоо, Монголын оюутны холбоо юм. Харин тухайн үед Монголын оюутны холбооноос бусдад нь улсаас байр өгсөн.

Одоо Ардчилсан нам байрлаж байгаа энэ хоёр давхар байрыг Шинэ дэвшилтэт холбоонд өгсөн байдаг. Ардчилсан нам 2010-аад оноос хойш энэ байранд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мэдээлэл гарсны маргааш нь бид Шинэ дэвшилтэт холбооны Гүйцэтгэх захирал Н.Цэнгэл эгчээс тодруулсан.

Тэгэхэд Х.Нямбаатарын гаргаж тавьсан тэр бичиг нь 2012 оны үед гаргаж байсан албан бичиг байсан.

Ингэж хуучин мэдээг өнөөдөр мэтээр гаргаж тавьж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Одоо бол энэ газарт өндөр барилга баригдахгүй. С.Зориг агсны хөшөөг хаа нэг тийшээ нүүлгэхгүй гэдгийг би албан ёсоор хэлмээр байна.