ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ПРОГНОЗ: Дөрөвдүгээр тойрогт Л.Энх-Амгаланг дагалдах хашир улстөрчид Х.Баттулгын шинэ дүрүүдтэй тулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-04-18

Цуутай улстөрчдийн дуу шуутайхан өрсөлдөж, ялж ялагддаг тойрог бол Хөвсгөл, Булган, Орхоны тойргууд байдаг. Энэ удаагийн сонгуулиар эдгээр гурван тойрог нэгдэж, дөрөвдүгээр тойрог хэмээн эрэмбэлэгджээ.

Муу нэртэй, луу данстай Ц.Анандбазар, авгай хүүхний хэрүүлээр танигдсан Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, хуульч, хэрүүлч хоёроороо нүдлэгдсэн О.Баасанхүү, “Босоо” хэмээх тэмцэгч С.Ганбаатар, намаасаа гарч орж гүйдгээрээ танил болсон Ц.Даваасүрэн, MCS-ийн гэх тодотголтой Л.Энх-Амгалан гээд эдгээр тойргуудаас дандаа цуутай улстөрчид дуулиантайхан сонгогддог байлаа. Тэгвэл энэ удаа МАН, АН-аас дээрх тойргуудад хэнийг өрсөлдүүлэхээр хуваарилсныг тоймлон хүргэе.

Ц.Анандбазар мултарвал бие дааж, Ө.Энхтүвшингийн хүү аавынхаа төрсөн нутагт хүч үзнэ

МАН-аас ойрын хугацаанд 13 гишүүнийг намаасаа түдгэлзүүлэх асуудлыг гаргаж тавина гэх яриа саарал ордонд гараад удаж буй. Энэ жагсаалтын хамгийн эхэнд байгаа хүн нь Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар байж магадгүй гэсэн яриа гараад байгаа билээ. Тэгвэл энэ яриаг батлах гэсэн мэт өнгөрөгч долоо хоногт болсон МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөний дараа Хөвсгөл, Орхон, Булганы горилогч нар аймаг, сумдынхаа намын дарга нартай уулзаж, хүлээн авалт зохион байгуулах үед Ц.Анандбазар уулзалтад ирээгүй аж.

Гэхдээ нэр дэвшигчийн судалгаа, рейтингийг эдгээр аймгуудад Ц.Анандбазарын хүмүүс хийсээр байгааг харвал намдаа их хэмжээний мөнгө хандивлах байдлаар тойргоо авах, эс бөгөөс бие дааж өрсөлдөх нь ээ гэсэн хүлээлт байгаа юм. Булганыг төлөөлж дөрөвдүгээр тойрогт өрсөлдөх хоёр улстөрчөөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын Дэд сайд Б.Баярмагнай нарыг нэрлэж байгаа. Тэд ч энэхүү уулзалтад оролцох үедээ өөрсдийгөө нэр дэвшинэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн гэх. Ж.Бат-Эрдэний тухайд тунчиг нэр муутай байгаа нь үнэн.

Рейтингийн судалгаагаар ч төдийлөн сайн гарч ирж чадаагүй. Сүнээ гэх бүсгүйтэй учир ургуулсан зэрэг олон шалтгаанаар энэ удаа АН-ын нэр дэвшигчдэд суудлаа алдах магадлал өндөр байгаа юм. Мөн сумдынх нь намын дарга нар Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрыг дэмжиж ажиллаж чадахгүй гэдгээ ил тод намдаа бичгээр ирүүлсэн гэх яриа ч Тусгаар тогтнолын ордоноос дуулдаж байна.

Хэрвээ Ж.Бат-Эрдэнэ мандатаа авч чадахгүйд хүрвэл ТВ9 телевизийн захирал асан, Соёлын Дэд сайд П.Баттөр өрсөлдөхөөр хүсэлтээ өгч, намтайгаа гэрээ зураад буй юм.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн дан ганц булганчуудын саналаар хэмжигдэхгүй учраас 87 мянган сонгогчтой Хөвсгөл аймгаас хамгийн их санал авсан нь ялалт байгуулах магадлалтай. Булганы 39, Эрдэнэтийн 66 мянган сонгогчийн саналыг Хөвсгөл дангаараа бүрдүүлчихдэг гэсэн үг. Тиймээс Хөвсгөлийг төлөөлөн горилж буй хүмүүст давуу тал их байна. АНУ-д боловсрол эзэмшсэн, Сүхбаатар,Чингэлтэйг удирдаж явсан, МАН-ын 2004, 2008 оны үнэмлэхүй ялалтад пиарыг нь удирдаж, сайн чиглүүлэгч явсан Б.Баярмагнай Дэд сайдын тухайд Булганы мандатаар дөрөвдүгээр тойрог руу орж ирсэн ч уг гарвал, унаган нутаг нь Хөвсгөлийнх учраас давуу талтай.

Тэрбээр, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, нутгийн хүү гэдгээрээ хөвсгөлчүүдийн саналыг чамгүй зулгааж, тэр хэрээрээ ч рейтинг өндөр яваа аж. Орхоны гурван мандатыг санаархаж яваа хүмүүс дунд эмэгтэй квотыг ашиглан “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа санаархлаа илэрхийлжээ. Түүнийг Х.Бадамсүрэнгийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Улсын саалийн үнээ гэх үйлдвэрийн хамаг л мөнгө, санхүүг захиран зарцуулах эрхээ Х.Бадамсүрэн түүнд атгуулчихсан учраас МАН дотор буй эмэгтэйчүүдээс хамгийн мөнгөлөг, хөрөнгөлөг нь юм билээ. Гэхдээ ардчиллын суурь мэдрэмж өндөр, С.Ганбаатар, Н.Алтанхуяг зэрэг дандаа сэрэг дүрүүдийг төлөөлөл болгож гаргадаг эрдэнэтчүүд түүнд санал өгөх эсэх нь эргэлзээтэй ч үйлдвэрийн ажилчдынхаа саналаар гарч ирэх магадлалтайг үгүйсгэж боломгүй.

Гэлээ ч хөвсгөлчүүд хийгээд булганыхан түүнд санал өгөх эсэхийг хэлэхэд эрт байна. Д.Үүрийнтуяа нь Төв аймгийн Лүн сумын харьяат. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ энэ тойргийг найман жилийн өмнөөс тойглосон. Сайд болсноосоо хойш ч яамны хамаг л хөрөнгө санхүүг тойрог руугаа барьж гүйн элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр явааг нуух юун. Тиймдээ ч энэ удаа намаасаа тойргоо авч чадна гэсэн итгэлтэй байгаа аж.

Хөвсгөл аймаг энэхүү тойрогт орж ирсний дараа “Хөх баавгай” гэх төслийг мөн л яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буйн олон хүний дургүйцлийг төрүүлжээ. Төрийн мөнгөөр тойргоо угжиж яваа зориглогчид итгэх үү, том тойргийн зовлонг ч торохгүй даваад гарчих тулхтай улстөрчдөө дэмжих үү гэдэг нь орхончуудын шийдэх асуудал биз. УИХ-ын гишүүн Д.Батлут энд өрсөлдөх нь баталгаатай болсон. Түүний рейтинг сайнгүй байгаа ч нам нь нүдээ аниад зүтгүүлэхээс өөр сонголтгүй байгаа юм билээ. Хөвсгөлийн гурван мандатыг өвөртлөх сонирхлоо намдаа дөрвөн хүн илэрхийлээд байгаа аж.

Тодруулбал, Ц.Даваасүрэнг тоглоомоос хасах, эс бөгөөс сайдын суудал өгөх юм уу жагсаалт руу оруулах байдлаар мандатыг нь суллаж гэмээнэ Боловсролын сайд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоот өрсөлдөхөөр хүсэлтээ өгч, намын хороотойгоо гэрээ байгуулсан аж. Э.Золбоотын тухайд мөн л баруунд өндөр боловсрол эзэмшсэн, МАН-ын залуу шилдэг боловсон хүчний нэг. Аавынхаа төрсөн нутгаас ахиухан санал зулгааж гэмээнэ УИХ-ын гишүүн болж, удам залгасан улстөрч болж чадах ч гэлээ улс төрийн сонгууль болохоор л унаган нутаг минь хэмээн хөл алдахаас бусдаар гэгээн дүрээ харуулдаггүй рейтинг муутай аавынх нь нэр нөлөө саналаас нь хойш зулгаах магадлал өндөр байгаа юм. Энэ тойрогт дархлагдсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээж өрсөлдөөнд намын горилогч нараа удирдаж орно. Хөвсгөлөөсөө хангалттай санал зулгаачих учраас Орхон, Булганыг тэгтлээ тойглохгүй байгаа ч намын аппарат нь түүний төлөө ажиллахад хоёр аймгаас 20-30 мянган санал зулгаахад л тэр ялаад гарч ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ шүү. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дахин Хөвсгөлийн мандатаа өвөртлөн дөрөвдүгээр тойрогт очих ч тойрогтоо ажиллаж чаддаггүй, анхаарал халамж муутай зэргээр нэр хүнд нь тун муу байгаа сурагтай. Ерөөс дөрөвдүгээр тойрогт Э.Золбоотоос бусад нь дандаа буурьтай тэр хэрээр улс төрд хал үзсэн хашир бурхинууд өрсөлдөх нь тодорхой байгаа юм.

“Хөх туг”-ийнхны санаархал буюу Х.Баттулга, С.Ганбаатарын дэмжлэгт найдагсад

Ардчилсан намд хамгийн халгаатай гурван аймгийг Лу.Гантөмөр Х.Баттулгад найдаад “бэлэглэчихсэн” бололтой. Учир нь ардчиллын суурь хэрвээ тэнд хэвээр үлдсэн бол Х.Баттулга, С.Ганбаатар, Н.Алтанхуяг гурвын хоршил л эргэн сэргээж чадах учраас АН-ын бусад фракцийн горилогч нар ч энэ тойргоос жийрхжээ. Залуу горилогч нар ч томсгосон тойргоос нэрээ албан ёсоор татчихсан.

Тэгвэл дөрөвдүгээр тойрогт УИХ-ын гишүүн С.Ганбаатар багаа ахлах хувилбар яригдаж буй. Ихэнх нь шинэковууд учраас С.Ганбаатар л тэднийг буурь зааж чиглүүлэхээс өөр аргагүй. Өөрийн гэсэн сэдэвгүй нөхөд л сэтгэл хөөрлөөр МАН-ын луухгаруудтай үзнэ хэмээн зориглож яваа. С.Ганбаатар уг нь том тойрогт зарцуулах мөнгө муутай учраас намын даргаасаа жагсаалт хүссэн ч тийм амар олдохгүй байгаа учраас хүссэн ч эс хүссэн ч эрдэнэтчүүдтэйгээ эргэж уулзахаас өөр сонголт түүнд үлдээгүй ч байж мэдэх билээ. “Алтан гадас” фракцийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намын жагсаалтад урдуур орж чадахгүй бол С.Ганбаатартай хөтлөлцөн орхончуудаас оноо цуглуулах ёстой болох нь ээ. Сонгинохайрхан гэсэн нэг хувилбар мөн яригдаж буй. 

Н.Алтанхуягийн тухайд одоогоор тун ажин түжин байгаа бөгөөд Лу.Гантөмөр, Х.Баттулга хоёрын алиных нь ч дэргэд гарч ирэхгүй окопондоо бүгжээ. Энэ тойрогт УИХ-ын гишүүн С.Одонтуяатай тун ойрхон нөхөрлөдөг, АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Байгальмаа гэх багш эмэгтэйн сураг дуулдаж байгаа. Мөн Орхон аймгийн МоАХ-ны тэргүүн Д.Өсөхбаяр гэгчийн нэр яригджээ.

Х.Баттулгын тун ойрын хүн бөгөөд жүдогоор холбогддог. Жүдо бөхийн холбооны Дэд Ерөнхийлөгч, аймгийнхаа холбооны тэргүүн зэрэг сонгуульт ажилтай эрхэм. Тэгвэл мөн л Х.Баттулгын нөмөр дор горилж яваа эрхмүүдийн нэг нь Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг. Увс аймгийн Цагаанхайрхан сумын гаралтай бөгөөд Булган, Эрдэнэтэд “Увс фракци” тун хүчтэй байдаг учраас энэ нэр нөлөөгөө ашиглахаас гадна С.Ганбаатар, Х.Баттулга хоёр, “Эрдэнэт” үйлдвэрийн хууччуулын дэмжлэгт найдаж буй сурагтай.

Булганыг төлөөлөн энэ удаа Х.Баттулгын хоёр хүн “хөтлөлцөн” гарч ирэх нь ээ. Хувь, хувьсгалаараа тунчиг удаан нөхөрлөж яваа С.Гал-Эрдэнэ, Б.Ариун-Эрдэнэ гэсэн хоёр бөх залуу нэр дэвших нь тодорхой болсон. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэний тухайд өнгөрсөн хоёр ч сонгуулиар тойргоо тунчиг сайн тойглосон. Ардчилал суурьтай аймгийнхаа төлөө ч хоёргүй сэтгэлээр ажилласан учраас аймагтаа рейтинг нь өндөр яваа. Түүний ганц айдас нь хөвсгөлчүүдийн саналыг авч чадах эсэх.

Өрсөлдөгч намаас нь хүчтэй улстөрч олон орж ирвэл тоглоом хаашаа ч эргэж мэдэх учраас Хөвсгөлийн саналыг эргүүлж чадах ганц хүн нь түүний багш, ах Х.Баттулга байх юм. Тиймдээ ч Х.Баттулга сая намаасаа тусдаа хөвсгөлчүүдтэй уулзаж, өөрийн хүмүүсээ нэгбүрчлэн танилцуулж, захиад ирсэн сурагтай.

Харин орхончуудын саналыг бол түвэггүй авч чадна гэдэгтээ итгэлтэй буй. Түүний рейтинг нэлээд өндөрт яваа ч дотны найз С.Гал-Эрдэний рейтинг базаахгүй яваа дуулдав. Мэдээж Н.Түвшинбаяр аваргын асуудал гэх мэтээр сөрөг дүрийг нь товойлгох ажлаа ч өрсөлдөгчид нь сайн хийх биз ээ. Тиймээс найзынх нь рейтинг Б.Ариун-Эрдэнийг “дэгээдчихгүй” бол горилогчид дундаа тун өнгөлөг, урдуур давхих магадлалтай хэмээн яригдаж байна. Хөвсгөл аймгийн тойргийг сүүлийн гурван сонгуулиар тойглосон Х.Эрдэнэбаатар энэ удаа санасандаа хүрэхээр бүх сумаа тавьж буй. Нам нь ч Х.Эрдэнэбаатараас Хөвсгөлийн мандатыг харамлаж чадахгүй. Залуучуудаа хамгийн сайн удирддаг, хөрөнгө санхүү ч намдаа хангалттай өгдөг учраас “ногоон виз” өвөртөлчихсөн хэрэг.

Гагцхүү Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар зэрэг луухгаруудтайгаа дахин рингэн дээр гарч ирэхдээ ялж чадах уу гэдгийг хэлэхэд эрт байна. Х.Эрдэнэбаатар өнгөрсөн хугацаанд улс төрийн боловсрол, мэргэжил мэдлэгтэй тун их анхаарсан. Мөн улс төрийн хүрээнд ч чамлахааргүй танилтай болж чадсан учраас Хөх сувдын өлгий нутгаас ардчиллын хөх тугийг дахиад намируулж чадах ч юм билүү, хэн мэдэхэв. АН-аас энэ тойрогт хоёр эмэгтэй нэр дэвшигчийн нэр яригдсаны нэг нь АН-ын ҮБХ-ны гишүүн, АН-ын бүлгийн зөвлөх Г.Цэрэндолгор. Уул уурхайн уулын ашиглалтын инженер, Бизнесийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Булган аймагт төрсөн. Аав нь ахмад дайчин байсан энэ бүсгүй сүүлийн жилүүдэд АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм. 2015 оноос АН-тай холбогдож, Орхон аймгийн МоАХ-ны Дэд тэргүүн, Хан-Уул дүүргийн АЭХ-ны тэргүүн зэрэг сонгуульт албан тушаал эрхэлдэг бөгөөд уул усны төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ Х.Баттулгатай тун ойрхон нөхөрлөдөг ажээ. Тэрбээр, “Өндөр сэнтийт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй.

Тус компани нь цементийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж ажээ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга асан Ш.Идэрбаясгалан дөрөвдүгээр тойрогт Хөвсгөлийн мандаттай орж ирэв. Тэрбээр, Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд Хүний гавьяат эмч аавынхаа нэр хүндээр аймагтаа чамгүй танигдсан. Түүний аймагтаа хийдэг бизнес нь шүдний эмнэлэг. Мөн ББСБ-тай бөгөөд барилгын салбарт ч хүч үзээд амжжээ. Аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа газрын маапаан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн хэсэгтээ АТГ-ын үүд сахисан ч тэгсхийгээд мартагдсан билээ. Хөвсгөлийг төлөөлөн дөрөвдүгээр тойрогт горилогсод дунд Хайчаагийн Батсайханы нэр мөн яригдаж байна.

Тэрбээр, 2020 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан бол өдгөө АН-ын гишүүнээр элсэж, тойрог горилж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Х.Батсайхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат. Хөвсгөлийн тендерийн магнат гэх Г.Мөнгөнхуяг горилогсод дунд албан ёсоор багтжээ. Гэлээ ч Булган, Хөвсгөл, Эрдэнэтэд түүний “Урагшлах” нэртэй компаний барьсан барилгууд чанарын шаардлага хангадаггүй зэргээс үүдэн нэр муутай учраас өрсөлдөөнд орж ирлээ ч олигтой урагшлах эсэхийг хэлэхэд эрт байгаа юм. Г.Мөнгөнхуяг ч үүнийгээ мэдсэн үү том тойргийн шийдвэрээс хойш тойрог горилж буйгаа ил зарлахаа болиод буй. Гэлээ ч намдаа бол хүсэлтээ өгчихөөд байгаа ажээ.