ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан сонгуулийг бүрэн дүүрэн хийхэд АН-ын штаб анхаарна гэлээ

O.Admin
2024-04-28

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх асуудлаар хуралдсан. Өнөөдөр шийдвэрээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэлээ.

Энэ үеэр намын дарга Лу.Гантөмөр тэргүүтэй гишүүд мэдэгдэл хийж, бусад нам эвслүүддээ шударга өрсөлдөхийг уриаллаа.

Лу.Гангөмөр “УИХ-ын сонгуульд АН өрсөлдөхтэй холбогдуулан гурван зүйлийг хэлье. 2024 оны сонгуульд урд хожид харагдаагүй хар пиарын сонгууль болох шинжтэй болчихлоо. Сонгуулиар УИХ-ын гишүүд нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тайлагнадаг, гишүүн болох гэж буй хүмүүс нь юу хийх вэ гэдгээ хэлдэг учир жанцантай байх учиртай.

Харамсалтай нь хэн нэгнийгээ муулдаг, дайсагнадаг, нэгнийгээ газрын гав руу чихдэг хар сонгууль болох дүр зурагтай байна. Тиймээс Ардчилсан нам бусад нам эсвэл улс төрийн хүчнүүдэд шударга өрсөлдөж эрүүл саруул улс төрийг энэ сонгуулиар авчрахыг уриалж байна.  Бид уриалаад ч хүчин мөхөсдөхөө мэдэж байгаа. Гэхдээ ард иргэддээ хэрсүү байж, ирж буй төрийг сонгож байгаа гэдгээ анхаараарай гэдгийг хэлмээр байна. Нэрсийн жагсаалттай асар их гомдол иргэдээс ирж байна. “Манай хаяг дээр өөр хүн бүртгүүлсэн байна”, “Амьдардаггүй хүн шилжээд ирлээ”, Сонгинохайрхан дүүргээс 5-6 мянган хүн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг рүү шилжлээ гэдэг зүйлийг ярьж байна.

Тийм учраас энэ сонгууль нэрсийн жагсаалтын будлиангүй байх тухай саналаа СЕХ-нд илэрхийллээ. УБЕГ-т ч Ардчилсан намын байр суурийг илэрхийлж, захидал бичнэ. Хяналтын хороог бүрэн дүүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана. Ингэхгүй л бол нэг хүн 2-3 санал өгдөг, зарим хүн нэг өдөрт 4-5 газар санал өгдөг явдал гараад байна. Нэг санал үнэтэй шүү. Монгол Улсын жилийн төсөв 26 их наяд төгрөг байдаг. Тэгэхээр нэг хүний санал 26 их наядтай тэнцэхээр байгаа юм. Зарим нэг УИХ-ын гишүүнээс мөнгө авч, түүнийхээ төлөө хаягаа хүртэл сольж байгаад гэр бүлээрээ саналаа өгдөг байдлаа Монголын ард түмэн болих хэрэгтэй, зогсоох ёстой. Монгол хүн бүр шударга сонгуулийг бий болгоосой гэж хүсэж байна. Хоёрдугаарт, амьд тролл болж санал өгдөг явдлыг манайхан таслан зогсооно. Ардчилсан сонгуулийг бүрэн дүүрэн хийхэд АН-ын штаб анхаарч ажиллана.

Гуравдугаарт, сонгуулийг мөнгөөр хийдэг болсон. Асар их мөнгийг хэвлэл мэдээллийн байгууллага болон сонгогчид руу төсвийн болон хувийн мөнгийг их хэмжээгээр зарцуулж байна. Тийм учраас Монголын Ардчиллыг аваръя, монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалъя гэж бодож байгаа бол мөнгөнөөс, мөнгөний сонгуулиас хол байхыг уриалж байна” гэлээ.

May be an image of 11 people and text

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.