ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Сэдэвгүй зориглогчид буюу ичгүүргүй цүнх баригчдын арми айсуй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-05-07

Энэ удаагийн томсгосон тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн хүмүүсийг горилогч, зориглогч хэмээн хоёр ангилж болох нь ээ. Учир нь УИХ-ын сонгуулийн томсгосон тойрог гэдэг амархан барж идэх хоол биш. Улс төрийн тогоонд олон жил “чанагдсан”, ядахдаа л ярих сэдэв, яригдах намтартай хүмүүс том тойргийн тулаан дундаас цойлох учиртай юм билээ. Тэр дундаа нэр цэвэр, намтар арвин.

Тэднийг горилогч хэмээн нэрлэж болох байх. Харин ярих сэдэв байтугай яригдах намтаргүй хэсэг бүлэг нь “126 болчихсон юм чинь ямар нэг аргаар ялж л таарна” хэмээн зориглож яваа нь бас үнэн. Гэтэл улс төрийн жижигхэн хүрээлэл дундаа ч танигдаагүй шахам, хатуухан хэлэхэд сайн ах нарынхаа хаялга, хатавчинд наалдан цүнх барьж гүйсэн залууст энэ удаагийн сонгууль, Төрийн ордны босго дэндүү өндөрдөх хэдий ч зориглогч хийгээд ч хамаагүй танигдчихъя хэмээн зорьж яваа нь үнэн болов уу хэмээн сэтгэв.

Нөгөөтээгүүр, улс төрийн бүх намын дарга нар улс төрд, улс орондоо үе сольцгооё хэмээн ярилцаж, тохиролцсон учраас залуусаар гоёх давалгааг бүх шатанд эхлүүлжээ.

АН-ын дарга Лу.Гантөмөр гэхэд л 90 оны таван залууг ардаа зогсоож байгаад мэдэгдэл хийдэг болжээ. Намынхаа бүх аппарат, удирдах албан тушаалтнуудыг залуусаар сэлбэж, Ардчилсан нам үндсэндээ “цус сэлбэлт”-ээ зоригтой хийж байна гэдэг мессежийг нийгэмд өгөөдөхлөө. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар ард түмэн “шинэ залуу, боловсрол мэдлэгтэй үеийг хүлээж байна” хэмээн хариулт өгсөн учраас түүнийг нь ёсоор болгож, нийгмийн хүлээлтэд нийцүүлэн өөрчлөлт хийсэн гэдгээ Лу дарга тодотгоно билээ. Үүнийг олон хүн алгаа ташин хүлээж авч буй. Шинэ үеийнхний дуу хоолой улс төрд хэрэгтэй юу гэвэл тун чухал хэрэгтэй.

Нөгөө талд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч залуусаар багаа, бүтцээ бүрдүүлж буйгаа зарлалаа. “Ховд”-ын Э.Болормаа, "Харвард"-ын О.Батнайрамдал, "Иел"-ийн Х.Булгантуяа гээд шижигнэсэн залуус надад байгаа шүү хэмээн “аархлаа”, тэр. Намын жагсаалтынхаа урдуур ч Л.Оюун-Эрдэнийг тойрон эргэлдэж буй залуус орцгоох нь үнэн болоод байгаа гэх. Ардын намын даргын үүднээс ах, эгч нар нулимстай буцаж, АНУ, Европын орнуудад боловсрол эзэмшсэн залуус баярын мишээл тодруулан гарч одох болсноор улс төрд үе солигдох нь нэгэнт тодорхой болоодохлоо. Гэвч энэ бүх эрс шинэчлэлийн дараа юу болох бол хэмээн эрхгүй адарч асуумаар санагдах үе ч бас байх юм аа.

Нийгмийн шилжилт, цаг үеийн өөрчлөлтөө дагаад мэдлэгтэй, боловсролтой залуус улс төрд орж ирж, бодлого боловсруулахад гар бие оролцох нь зөв хэдий ч начир дээрээ хэд нь мөнгөтэй, өнгөтэй улстөрчдөөс хараат, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилд үнэнч явсаар ирсэн бэ гэвэл өөр асуулт гарч ирэх юм билээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн МоАХ фракцийн нэр дор 10 гаруй залуусыг улс төрд бэлтгэж буйгаа зарлав. Тэднийгээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс төрд өөрөө хөтлөн танилцуулав. Биеэ авч явах соёл, үг хэлэх, үзэл бодлоо индэрт илэрхийлэх арга барил, тэр байтугай биеийн тамиржуулалт, дасгал хөдөлгөөнөөс эхлээд олон ч зүйлийг тэдэнд зааж буй нь нууц биш болсон. Өөрөө хөтлөн 21 аймгаар тойрч, тэднийгээ танилцуулж байгаа.

Хэвлэл мэдээллээр дэмжлэг үзүүлж, хэрэндээ л "надад ч бас залуус байгаа шүү" хэмээн харуулахыг хичээж явах шиг. Гэвч нэг улстөрчийн, бүлэглэл фракцийн эрх ашиг дор нэгдэж нийлсэн энэ мэт залуус улс төрд орж ирээд өөрийн дуу хоолой, үзэл бодолд үнэнч байж чадах эсэх нь эргэлзээтэй учраас сэдэвгүй зориглогчид буюу ичгүүргүй цүнх баригчдын арми айсуй хэмээн халаглаад байгаа хэрэг л дээ. “Нохой зассан эзэндээ янаг” гэгчээр улс төрд хөтөлж оруулж ирээд, мөнгө санхүүгээр дэмжээд гаргаж ирсэн бүлэглэл, эзнийхээ гар хөл болох ажлыг, асуудлыг нь хөөцөлдөхгүй гэсэн баталгаа алга.

Хатуухан хэлэхэд, ар гэр, авгай хүүхнийхээ асуудлыг зохицуулж чаддаггүй, дарга дагаж, бүлэглэл фракци хэсэж явсан “зуйгуул” үеийнхэн үе солих хийгээд мэдлэгтэй шинэ үеийнхэн төрд орж ирэх ёстой гэсэн хуйларсан их давалгаан дунд улс төрд олноор орж ирэх вий хэмээн эмзэглэхээс өөр аргагүй болов. Тэд эрх ашгийн төлөө хэнтэй ч нөхөрлөж, хэнээс ч урвана гэдгийг та бид юу эс андах. Залуу насныхаа ард хар хор, атаа жөтөөгөө нуусан ичгүүргүй хүмүүс ч тэдэн дунд цөөнгүй бий шүү.

Зах зээлийн нийгэмд орхигдсон, хаягдсан үеийнхэн улс төрд олноор хүч түрэн орж ирж буй учраас юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, ямар ч ачаалал даахгүй атлаа дарга, нам хоёр дагасан цүнх баригчид төрд хэтэрхий олуулаа битгий орж ирээсэй хэмээн энэхүү бичвэрийг тэрлэж суугаа хэрэг билээ. Улс төр гэдэг залуус айл гэр өрж тоглож, аль эсвэл танилцах аялал хийдэг талбар биш. Архины ширээний ард улс төр хийдэг, аль эсвэл буудлаар хоноглож улс төр ярьдаг залуусын орогнох талбар ч бас биш.

Тэр тусмаа улс орон нь нэн шинэ үеийн хөгжлийнхөө зам дээр байгаа энэ цагт төрийн залгамж халаа буюу ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөллөө эн тэнцүүхэн барьж улс төрийн шийдвэр, тойрог хуваарилалтаа хийх нь улс төрийн намуудын дарга нарын анхаарах ёстой сэдэв байх учиртай.

Парламентын дархлааг сайжруулах, нэр хүндийг өсгөхийн тулд улс төрийн намууд нэр цэвэр, цаашлаад чадалтай, чадавхтай, чансаатай ахмад, дунд үеийн улстөрчдөдөө тойрог, жагсаалт хоёрыг харамлах нь утгагүй. Төрийн санах ойгоо бодсон ч тулхтай, буурьтай улстөрчид төрд хүссэн ч эс хүссэн ч орж ирмээр байгаа юм. Тэр тусмаа жин дарахуйц байдлаар. Монгол төр хүчтэй сөрөг хүчинтэй, хүчирхэг эрх баригчтай байхдаа олон түүхэн шийдвэрийг гаргадаг гэдгийг та бид мэднэ. АН-ын генсекээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, МАН-ын генсекээр өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллаж байсан 2012 оны сонгуулийг эргэн санацгаая. Тэр үед зангарагтай хоёр улстөрчийн удирдаж орсон намууд сонгуулиар эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж, хамгийн хүчтэй парламент бүрдэж байв.

АН-аас С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг тэргүүтэй хүчтэй улстөрчид мэтгэлцэж, шийдвэр шийдлээ хамгаалдаг, гал гарсан хэлэлцүүлэг дундаас дандаа эрүүл шийдвэр гардаг байлаа. МАН-ын С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Ц.Нямдорж тэргүүтэй туршлага суусан улстөрчдийн үгүйсгэл, шүүмжлэлээс ард түмэн төрийн гаргаж буй шийдвэрийн сайн мууг дэнсэлдэг байв. Гэтэл өнөөдрийн парламентыг эргээд харцгаая.

Хэдийгээр нээлттэй, ил тод зарчмыг тултал хангасан ч хүчтэй сөрөг хүчний дуу хоолой тэнд байхгүйгээс гаргаж буй хуулийн төсөл нь сулбагар, эс бөгөөс үл мэдэгдэх, үл ойлгогдох зарчмаар олноор үйлдвэрлэгдэн гарч байна. Няцаалт, үгүйсгэл байхгүйгээс төр хүссэн шийдвэрээ хоногийн дотор байтугай 24 цагт гаргаж чадаж байгаа. Ийм байхад парламентын дархлаа, нэр хүндийн талаар ярих нь илүүц билээ. Тиймээс л парламентаа илүү эрүүл саруул, хүчтэй, зангарагтай авч үлдэхийг хүсэж байгаа бол сонгуулиар л шоволздог цүнх баригчдаас илүүтэй шийдвэр гаргахдаа хараат байж чадах залуу үеийг зөв сонгоцгоогоорой.

Бүлэглэл, фракцийн эрх ашгаас илүү улс орны хөгжлийн төлөө зогсох дунд үеийнхэнд мөн боломж олгоё. Тэд энэ улсын ачааг яг одоо нуруундаа үүрэх учиртай, нэг үгээр хэлбэл бүрэн бэлтгэгдсэн байна. Монгол төрийн алдаа, оноо нь хаана явсан, үлдээж буй 30 жилээс үүрч, дүүрээд ч хамаагүй авч явах учиртай ололт, амжилтыг ялгаж салгаад хэлчих ахмад үеийн улстөрчдөдөө ч боломж олгож, тойрог, жагсаалтад ч хамаагүй тойглож оруулан гаргаж ирье, намууд аа. Ингэж байж бид эрүүл саруул парламентаа бүрдүүлсэн шиг бүрдүүлж чадна. Зассан эзэндээ үйлчилж гүйгээд байгаа цадиггүй залуусаа зандарч, загнаад, шүүмжилж аргадаад, засаж залруулаад явах ухаантай улстөрчдөд боломж олгож, шинэ парламентаа шившигт хутгачихгүйхэн шиг эмхлэх юмсан, хэдүүлээ.