Тайландын Бангкок хотоос хөөрсөн "Жэжү эйр" компанийн 7С2216 дугаартай нисэх онгоц өчигдөр буюу 29-ний өдрийн 09.07 минутын орчимд БНСУ-ын Өмнөд Жоолла мужийн Мүань нисэх онгоцны буудалд газардах үедээ нислэгийн зурвасыг давж, буудлын хязгаарлалтын хана мөргөж дэлбэрсэн харамсалтай осол гарсан билээ.
Boeing 737 нь нийт 181 хүн тээвэрлэснээс 175 зорчигч, багийн 6 гишүүн байсан билээ. Зорчигчид дунд 2021 онд төрсөн хүүхэд ч байсан бөгөөд ижил овог нэртэй хүмүүс байгааг харвал гэр бүлээрээ аялалд явсан хүмүүс олон байжээ. 179 солонгос, хоёр тайланд иргэн байсан аж. Тэгвэл өчигдөр 17.00 цагийн үед онгоцонд зорчигчдын нэрсийг зарласан бөгөөд онгоцны осолд гурван настай хүүхэд амиа алджээ
Тус онгоцонд нийт насанд хүрээгүй 15 хүүхэд байсан гэдгийг мэдэгдлээ. БНСУ-д өчигдрөөс эхлэн долоо хоногийн турш үндэсний гашуудал зарлалаа. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Сангийн сайд Чой Санг Мок өчигдөр Муан хотод болсон онгоцны осолд амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн нэгдүгээр сарын 4-ний 24:00 цаг хүртэл долоо хоногийн турш үндэсний гашуудлын өдөр болголоо. Тус улсад болох байсан томоохон фестивал, шагнал гардуулах үйл ажиллагаанууд эхнээсээ цуцлагдаж байна.
Ослоос амьд үлдсэн хоёр үйлчлэгч ухаан орсон ч юу ч санахгүй байна хэмээн мэдэгджээ. Тэдний тухайд тархиндаа гэмтэл авсан ч ой санамжаа алдаагүй, харин ослын үеийн шокноос үүдэн юу ч санахгүй байх нь түгээмэл тохиолддог сэтгэлзүйн гэмтэл бөгөөд тархинд нь хэт ачаалал өгөхгүй байх үүднээс илүү олон зүйлийг шалгаахгүй байхыг сануулжээ.
Мүань нисэх буудал нь маш богино эргэлттэй бөгөөд шувууны дайралтад ихээр өртдөг газар аж. Тиймээс тус нисэх буудалд зөвшөөрөл өгөхгүй байсан ч зөвшөөрөл авсан даруйдаа дээрх харамсалтай хэрэг гарсан хэмээн Ёнхап агентлаг зэрэг мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.