ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Мягмарнаран: Бид олон улсын сайн туршлагыг ирэх онд хэрэгжүүлнэ

O.Admin
2024-12-30

-Бид 2025 ондоо Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран цахимжилтыг эрчимжүүлнэ-

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн энэ оны ололт амжилт, ирэх 2025 онд томоохон өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж буй талаар "И-Монгол академи" УТҮГ-ын Захирал Б.Мягмарнарантай ярилцлаа

-2024 оны амжилтаа та нийтэд нь хэрхэн дүгнэж, үдэж байна вэ?

-“И-Монгол академи”-ийн хувьд 2024 онд ололт, амжилтаар дүүрэн ажилласан. Бидний хувьд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан. Мөн иргэдийн хувьд тулгамдсан шаардлагатай нийт 133 төрлийн үйлчилгээг энэ онд холбогдох байгууллагуудтай хамтран цахимжуулсан. Жишээлбэл:

  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл,
  • Дипломын нөхөн бүртгэл олгох,
  • Аж ахуй нэгжийн дүрмийн хуулбар,
  • Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэдэг болсон. Үүнийгээ дагаад иргэдийн E-Mongolia системийн хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд  1 сард дунджаар давтагдсан тоогоор 2 сая гаруй үйлчилгээг 600,000 гаруй иргэд авч байна.

-Ирж буй 2025 онд ямар томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг зорьж байна вэ?

-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран цаашид нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих, цахимжилтыг нэвтрүүлэхээс гадна энэ чиглэлээр манлайлж ажиллаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үйлчилгээнүүдийг хүргэнэ. Мөн хиймэл оюун ухааны чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсдаа нэвтрүүлэх, түүнчлэн манай системд орсон үйлчилгээг бусад хөгжиж буй улсад нэвтрүүлэх зорилтуудыг тавьж байгаа юм.

2025 онд бид бүхэн иргэнд хэрэгтэй байгаа үйлчилгээгээ заавал хайх шаардлагагүй бид иргэнээ таниад хэрэгцээтэй байгаа үйлчилгээг нь санал болгох бөгөөд хиймэл оюунд суурилсан төрийн үйлчилгээг иргэнд хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Баялгийн сан, Хуримтлалын сангийн мэдээллийг E-Mongolia системд байршуулсан өөрөөр хэлбэл иргэн өөрт байгаа Баялгийн сангийн мэдээллийг хувийн профайл цэсээсээ харах боломжтой болсон.

Энэ сарын 27-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран тэтгэврийн сангийн мэдээллийг нэвтрүүлсэн. Ингэснээр нийгмийн даатгал төлж буй иргэн өөрийн тэтгэврийн сангийн хуримтлалын мэдээллийг харах боломжтой болсон. Цаашид иргэдийн хувьд хэрэгтэй, нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг судалж цахимжуулахаар төлөвлөж байна.   

-Монгол Улсын төрийн үйлчилгээний цахимжилт ямар шатанд хүрсэн бэ? 

-E-Mongolia систем 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр нэвтэрснээс хойш иргэн, хуулийн этгээдэд нийт 63 сая удаагийн үйлчилгээг амжилттай цахимаар хүргэсэн. Дөрвөн жилийн хугацаанд E-Mongolia систем хэрэглэгчийн тоо 1,9 саяд хүрч насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь ашигладаг Монголын хамгийн том систем болсон.

E-Mongolia системийг ашиглан иргэд 2 цаг 30 минут зарцуулан авах үйлчилгээг дунджаар таван минутад авах боломжийг бий болгож замын түгжрэлд өртөхгүй санхүүгээ хэмнэх боломжтой.

Тухайлбал: 2020-2024 онд иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1,198,674,178,181

Бичиг цаасны зардал 5,683,927,568

Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж буцах үйл ажиллагаа унааны зардал 79,555,943,785

Нийт 1,283,914,049,534 хэмнэсэн байна.

Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 28 байраар урагшилж 46 дугаар байранд эрэмбэлэгдэж, дэлхийн инновацын индексээр 132 орноос 67 байранд эрэмбэлэгдсэн амжилтуудыг үзүүлээд байна.  Мөн олон улсын "Open Governance Award" , Global Government Excellence Award шагналуудыг хүртсэн.

Бид бүхэн цаашдаа ч гэсэн иргэн төрийн үйлчилгээг авахад илүү хялбар байлгах, төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

-Сүүлийн үеийн онцлох үйлчилгээнүүдийн талаар дурдвал?

-E-Mongolia систем дээр өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1263 үйлчилгээ цахимаар орсон. Үйлчилгээний тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага ч нэмэгдэж байгаа. Салбарын зүгээс төрийн үйлчилгээг цахимжуулах иргэнд илүү хялбар болгох чиглэлээр бусад холбогдох байгууллагуудтай хамтран цахим шилжилтийг манлайлан ажиллаж байна.

Үүнийг нэг тод жишээ нь гэвэл бидний үйл ажиллагааг олон улсад үнэлж НҮБ-д хоёр жил тутамд нэг удаа гардаг Цахим засаглалын хөгжлийн индексээр манай улс 2022 онд 74 дүгээр байрт жагсаж байсан бол 2024 онд 28 байраар урагшилж 46 дугаар байрт орсон бөгөөд Цахим засаглалын хөгжлийн индексээрээ дэлхийн шилдэг 50 улсын нэг болж чадсан. Энэ бол манай салбарын бодлого бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ амжилтыг гаргасан. Та бүхэндээ баярлалаа.