Засгийн газрын өнөөдөр 2024 оны сүүлчийн хуралдаанаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэхээс гадна ирэх онд хийгдэх ажлаа эрэмбэлжээ.
Тэгвэл өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хамтарсан Засгийн газрын ирэх онуудад хэрэгжүүлэх 14 мега төслийн үйл явц, үр дүнгийн талаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар Эрдэс баялаг, уул уурхайн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар гурван мега төсөл хэрэгжих шатандаа, тодорхой шийдвэрүүд гараад явж байна. Хамгийн эхнийх нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт орох асуудлыг УИХ тогтоолоороо шийдэж өглөө. Ингэснээр Шивээхүрэн-Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүнхатавчийн төмөр замын асуудал, мөн Хятад улстай хийх хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын бусад асуудал цаашаа үргэлжлээд явах нь ээ. Гуравдугаарт, уул уурхайн салбар тэр дундаа цөмийн ашигт малтмалын салбарт Францын “Орона” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээний асуудал УИХ-аар шийдэгдэж, яриа хэлцэл хийгдээд явж байна.
Он дамжиж яригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, “Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тос олборлолтын асуудлыг мөн ярина. Газрын тос боловсруулах үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилт буюу Энэтхэгийн Засгийн газраас 450 сая ам.долларын зээлийн хэлэлцээр дэмжлэг авсан. Тун удахгүй ирэх оны эхэнд УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах болов уу. Мөн ойрын хугацаанд Зэс боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлын тендер зарлагдана. Цаашлаад Гангийн цогцолбор болон Нүүрс, химийн, кокс химийн цогцолборуудад Засгийн газар шийдвэр гаргаж, хариуцах эзэнтэй болгох байх аа.
Ирэх онд “Петрочайна дачин тамсаг” компанитай холбогдуулан хийн хоолойн асуудлыг гурван улсын хэмжээнд тууштай ярилцана” гэлээ. Үүнээс гадна Туулын хурдны зам, Ган татлагат гүүр, Богд хан уулын тунел зэрэг асуудлыг ирэх онд тууштай хийж эхлүүлэхээс гадна говийг усжуулах төсөл мөн ирэх онд яригдах нь ээ. УИХ-аас өнгөрөгч баасан гарагт баталсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын тогтоолын төслийг өнөөдрийн дотор багтаан БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлж, улмаар намрын чуулган завсарлахаас өмнө хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг ярина гэдгийг Ц.Туваан сайд мэдээллийнхээ төгсгөлд онцлов.