ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: Цорын ганц гэрчгүйгээр ял өгнө гэдэг байж боломгүй зүйл

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-05

- Захиалагчийг Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын явцад хэлж байсан юм билээ-

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан ноцтой хэргийн талаар чуулганы хуралдаанаар ярилаа. Хохирогчийн ар гэрээс тантай уулзах санал тавьж, өргөдөл өгсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Прокурор хянаж, цагдаа шалгаж дуусах  шатандаа ороод явж байна. Хохирогчийн ар гэр надад өргөдөл өгч уулзсан нь үнэн. Миний зүгээс цагдаагийн байгууллагад өргөдлийг нь өгч, нэг бүрчлэн шалгаарай гэдэг зүйлийг хэлсэн. Зарим гишүүдийн хэлээд байгаа асуудлыг шалгах байх. 

-Нотлох баримт алга болсон асуудлыг ярьж байна шүү дээ?

-Тийм ээ. Нотлох баримт алга болсон эсэхийг ярих нь дэмий байх. Хэрэг дээр шалгалт явуулж байгаа учир төөрөгдүүлэх магадлалтай. 

-Хэргийн зүйл ангийг өөрчилсөн асуудлыг мөн хөндлөө. Ийм байх боломжтой юу?

-Энэ талаар  цагдаа, прокурорын байгууллага мэднэ. Эрүүгийн хэрэг дээр зүйл заалт бүрээр нь шийдвэр гаргадаг байгууллага бол прокурор шүү дээ. Тиймээс бүхий л эрх мэдэл тэнд бий. Гэмт хэргийн нууц гэж бий. Нууц алдагдахад хэрэг төөрөх асуудал хүртэл байдаг. 

-Улсын дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар эцсийн шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ялагдал хүлээсэн. Таны хувьд энэхүү шийдвэрийг юу гэж харж байна вэ?

-УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй. Энэ шийдвэр хэвээр байгаа. Харин Засгийн газрын  шийдвэрийг шүүхээр шийдсэн бол энэ асуудлаа дахиад авч үзэх хэрэгтэй. Энэ эрх нь Засгийн газарт байгаа. Миний хувьд шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч нар нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг би олон удаа ярьж, хэлж байгаа. Төрийн эрх барих дээд байгууллага, Цэцийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа.

-Давж заалдах боломж байгаа юу?

-Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Засгийн газрыг төлөөлж орсон хүмүүс дахин асуудал тавих боломжтой. Ийм болно гэдгийг нь мэдэж байсан учир энэ асуудлыг маш их ярьсан. Улсаас буюу  Монголбанкнаас 100 тэрбум төгрөг гарсан нь үнэн шүү дээ.

-Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг хэрхэх вэ. Арбитрын шүүхийн шийдвэр гаргасан шүү дээ. Олон нийтийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийг хэзээ мөдгүй хурааж авах нь гэсэн ойлголттой байна?

-“Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп­ын  Ш.Батхүүд батлан даалт гаргасан асуудал ярьж байгаа.  Гэхдээ албан ёсоор Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр ирээгүй. Африкийн “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэр хоёрын асуудал уулзалтын шатанд явж байна. Цаашид  Ш.Батхүүгийн хөрөнгийг хураах хариуцлагын асуудал ярих байх. Ш.Батхүү  хөрөнгөө хааш нь хийснийг шалгах ёстой. 

-Ш.Батхүү өрийг нь төлөх юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоорондын асуудал. Монголын хөрөнгө ийш, тийшээ болж байхад Засгийн газар тоохгүй байж болохгүй. АТГ, прокурор хоёр Ш.Батхүүгийн асуудлыг сайн шалгаж, тогтоосны дараа хөрөнгөөр төлөх ёстой юм.

-С.Зориг агсны хэргийн захиалагчийг та хэзээ зарлах вэ. Монголчууд 20 жил хүлээлээ?

-Миний хувьд ажил хүлээн авсан өдрөө  захиалагч үнэхээр байгаа бол зарла гэж хэлсэн. Тэр ажлыг хянадаг газар нь хийлгэхгүй байна. Би тэр хэргийн талаар анх ярьж байхад Б.Булганыг шүүх хуралд яагаад оролцоогүй юм бэ гэдгийг мэдээгүй.  Цорын ганц гэрчгүйгээр гурван хүнд ял өгнө гэдэг  байж боломгүй  зүйл.

-Захиалагчийг зарлахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

-Захиалагчийг Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын явцад хэлж байсан юм билээ. Гэхдээ  захиалагч гэсэн хүний нэр хэлээд байхад яагаад шалгаагүй, нүүрэлдүүлээгүй юм бол гэж гайхаж байна. 

-Ял авсан гурван хүний дэглэмийг бууруулсан шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бэ. Шүүхийн шийдвэр үйлчлэхгүй байна гэсэн үг үү?

-Буураагүй шүү дээ.  20-25 жилийн ялтай хүмүүсийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид эдлүүлэх ёстой. Хуучнаар бол чанга дэглэмтэй  хорих анги гэсэн үг. Гэтэл ял эдлүүлснээс нь хойш гянданд хорьж, хууль зөрчиж байсан юм билээ. Энэ асуудал хөндөгдөж, шийдвэр гүйцэтгэх байгууллага удаан хугацаанд хууль зөрчигдөж байна гэдэг асуудлыг прокурорын  байгууллагад хүсэлт тавьж, шийдүүлсэн. 

-Жинхэнэ хэрэгтнүүд мөн,  биш нэг хэсэг багагүй маргаан дэгдсэн. Энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх асуудал хүртэл ярьж байсан? 

-УИХ энэ асуудлыг ярих  ёстой. Надад хамгийн их санаа зовж байгаа зүйл бий. Тэр нь хэрэг хийгээгүй байж ял эдэлж байгаа асуудал. Энэ талаар  ярьсан хүн бүрийг дарамталж, шахаж байна. 

-Хэргийн зарим материалыг нууцаас гаргасан ч ил тод байдаггүй. Энэ нь зүгээр л ажил хийсэн болж харагдах гэсэн мэргэжлийн байгууллагын башир арга гэж хэлэх хүн бий. Та санал нийлэх үү?

-Нууцаас гарсан.  Тагнуулын ерөнхий газрын архивт бий.