УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “УИХ-ын гишүүд бүлгээ хуралдуул гэдэг шаардлага тавьж байгаа. Миний хувьд эхлээд Удирдах зөвлөл хуралдсан ч зөв гэж үзсэн.
Улс төрийн тодорхой дүгнэлт гарах хэрэгтэй байгаа юм. Одоо бол улаан шугамнаас хэтэрч асар хүнд байдал руу орлоо. Намын зовлон төрийн зовлон болж хувирлаа. Удирдах зөвлөлийн хурлын дараа 68 гишүүнтэй бүлэг хуралдах юм. энэ нөхцөл байдлыг дүгнэж ярилцах ёстой биз дээ. Ер нь байсхийгээд нэг нүүрс ярьж гарч ирээд нийгмийг хөдөлгөдөг байдалд миний зэвүү хүрээд байгаа юм.
Нүүрсний хамгийн том сонсголыг хэн ахалж байсан билээ. Гадаа жагсаал болж байлаа. Би ахалж байсан юм шүү. Сэтгүүлчид орж ирж нээлттэй явуулах шаардлага өгч байлаа. Хууль зөрчөөд би сэтгүүлчдийг оруулж ирээд, нээлттэй сонсгол хийж байсан юм. Нүүрсний сонсгол чинь эцэстээ нэгэн рүүгээ шиддэг чулуу болж хувирлаа.
Маш олон улстөрчийг бид нүүрсээр нүдэж, дахин сонгогдох аргагүй болгосон. Угтаа нүүрс бол бидний нэгнээ нядалдаг хэрэгсэл боллоо. Нүүрсний сонсголоо ярих юм бол ярьсан шиг ярья. Оффтейк гэрээнээс эхлээд ярьцгаая. Яагаад нууц гэрээ хийгдсэн юм. Хэдэн төгрөгөөр хийсэн, ямар зөрүүтэй үнээр хийсэн, тэр нь явсан юм уу, яваагүй юм уу. Тухайн үед Г.Занданшатар гэж хүн УИХ-ын дарга хийж байсан.
Тэр хүнийг үед энэ олон оффтейк гэрээ зурагдсан шүү дээ. Тэрийг гаргаж ирцгээе. Б.Энхбаярын үед хийсэн нүүрсний сонсголын үеэр яригдаж байсан баримтуудаа яагаад хууль хяналтын байгууллагад өгөөгүй юм. Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн, Ерөнхий сайд нь юугаа хийсэн юм. Бүгдийг эхнээс нь ярьцгаая тэгвэл. Ерөнхий сайд нь өөрийн эрх мэдлээр дарангуйлж УИХ-ын гишүүдээ, УИХ-ын даргаа намнадаг болох гэж байгаа юм уу. Турк, Венесуэл шиг болох юм уу" хэмээн байр сууриа илэрхийлжээ.