УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль, шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай.
Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана” гэсэн юм.
Тэгвэл энэ мэдэгдэлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр, “Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.
Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна" хэмээлээ.