Төсвийн төслийн хэлэлцүүлэг өрнөж, бодлогын мэтгэлцээнд умбаж байх ёстой УИХ-ын чуулганы танхим өнөөдөр эл хуль байна. Ид “сааль, сүүний цагаараа” Монголын парламент ийнхүү сул зогсов.
Шалтгаан нь ойлгомжтой ч шалтаг нь үнэмшилгүй. Улс төрийн нөхцөл байдлаас болоод УИХ-ын хэвийн үйл ажиллагаа алдагдав. Алдагдав гэхээсээ алдагдуулав гэвэл зохино. Ерөнхий сайд танхимдаа өөрчлөлт оруулж байгаагаа танилцуулах гэтэл УИХ-ын удирдлага уллаад суучихлаа. Энэ бол яаралтай горимоор дугаар дайран хэлэлцүүлэх асуудал биш. Зүгээр л танилцуулга.
Процедур уг нь их энгийн. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоор шийдвэрлэж, энэ шийдвэрээ хуулийн дагуу Ерөнхийлөгчид танилцуулсан. Одоо УИХ-д танилцуулах ёстой. Гэтэл УИХ уг танилцуулгыг хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гээд гацааж орхив.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийн тайлбарласнаар бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй тул хойшлуулжээ. Энэ нь шалтаг төдий гэдгийг хууль жаахан гадарладаг хүн төвөггүй ойлгоно.
Үндсэн хуульд Ерөнхий сайд танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх заалт бий. Өмнө нь УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан бол 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө мэдэн бүрдүүлэх эрхтэй болсон. Харин Ерөнхийлөгч, УИХ-д зөвхөн танилцуулна.
УИХ энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй, чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэхээс биш шийдвэр гаргахгүй. Тиймээс сайд томилох асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулдаг, тов тогтоодог асуудалтай андуурч болохгүй. “Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо хэлэлцэх асуудлыг жагсаалтад ороогүй” гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байгаа биз. Дургүйд хүчгүй гэдэг л болсон хэрэг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан шалтгааныг хоёр байнгын хорооны хуралдаан хойшлогдсоноос болсон гэж буй нь ч бас л арга ядсан тайлбар. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хувийн шалтгаанаар төрийн ажлыг гацааж, Тамгын газрын даргаараа хууль тайлбарлуулж хүртэл үзэв. Хууль тогтоох дээд байгууллагын удирдлага баталсан хуулиа зөрчих ёсгүй.