ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: ЭМД-ын сан бол үндсэндээ дампуурсан

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Сар бүр нийт 2.1 сая нэхэмжлэл ЭМДЕГ-т хянуулахаар ирдэг ч мөнгөн дүнгийн ердөө 35 хувьд хяналт хийдэг нь ЭМДС өр төлбөрт баригдах шалтгаануудын нэг болжээ.

Хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангийн хөрөнгө завших, илүү санхүүжилт авахыг завдсан зэргээр нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд 229 мянга гаруй алдаа, зөрчил илрээд байна. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар тус сангийн санхүүгийн харилцааг эрүүл болгох, өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүрэг даалгаврыг ЭМДЕГ-ын шинэ дарга Ц.Батбаатарт өглөө.

Ерөнхий сайд хэлэхдээ "Иргэндээ үйлчилдэг төр байх ёстой. ЭМД-ын сан бол үндсэндээ дампуурсан. Өөрийн үр хүүхдийн адил өвчин хуучтай хүмүүсээ бодож, асуудлыг нь шийдэхийн төлөөх төрийн үйлчилгээ явуулах ёстой. Ард иргэдийнхээ асуудлыг миний аав, ээж, ах дүү ингэж өвдөж зовсон бол гэж адилтгаж бодож бай. Нэг л их хамгаалсан, өмгөөлсөн хүмүүс. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө нь олддоггүй, ард иргэдэд хүртээмжгүй, энэ асуудлаа зас. Нийт иргэдийнхээ 48 хувьд л хүрч байна. Капитал банк зэрэг бусад банкинд алдсан хөрөнгөө төвлөрүүл. Цахимжуулах чинь яасан. Даатгалын сан чинь бөөн очер. Үүнийг засаж ажиллаарай" хэмээв.

Ц.Батбаатар нь эдийн засагч, хуульч мэргэжилтэй бөгөөд өмнө нь УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Хуулийн газрын ахлах зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан юм.