ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт нийт 20 км явган хүний болон дугуйн зам тавина

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлээс төлөвлөсөн төлөвлөлтийн хүрээнд 2026 онд хотын төвийн зургаан дүүрэгт нийт 253 км явган хүний болон дугуйн зам байгуулахаар болсон билээ.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүрэгт нийт 20 км явган хүний болон дугуйн зам тавих бөгөөд нийслэлээс ирсэн Ажлын хэсэг зураг төсвийг танилцуулаад байжээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 34 хорооны Засаг дарга нартай шуурхай хурал зохион байгуулж,

-“Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтын хүрээнд ирэх онд манай дүүрэгт хийхээр төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын төлөвлөлт, трасс,

-Дүүргийн 34 хорооны Засаг дарга нараас авсан саналыг үндэслэн дүүргийн ТХО-аар ирэх онд хийхээр төлөвлөөд байсан явган замын трасс, төлөвлөлтийг танилцуулж, санал солилцжээ. 

Нийслэлээс тус дүүрэгт хийхээр төлөвлөсөн 20 км явган хүний болон дугуйн зам нь ихэвчлэн төв болон туслах зам дагуу бол дүүргээс хийхээр төлөвлөсөн нь дээрхээс гадна, орон сууцны хороолол дунд болон гэр хорооллын далан дагасан ажлууд байгаа юм. Түүнчлэн хурлын үеэр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулжээ.

Энэ талаар Ө.Сумъяабаатар дарга хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 39 байршилд 550 гаруй гарааш бий бөгөөд үүнээс 27 орчим байршилд байгаа 350 орчмыг ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахад асуудалгүй. Харин үлдсэн нь нийслэл дүүргийн Засаг даргын захирамжтай, төвөгшилтэй байршилтай, үл хөдлөхийн гэрчилгээтэй, шүүхийн маргаантай зэрэг олон янзын шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Иймд хороодын Засаг дарга нарт энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч улмаар төлөөлөгчидтэйгөө хамтран дахин саналаа өгөхөөр боллоо" гэв.