УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.12.16) Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг хийв. Сонсголыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа даргалан явууллаа.
Нэр дэвшигч Санжаагийн Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн Физик, математикийн сургуулийг 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистр, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах, эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Ай Си” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2005-2008 онд БНСУ-д докторант, 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 онд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 онд Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд, 2022 оноос өнөөг хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.

Сонсголын эхэнд нэр дэвшигч С.Наранцогт сүүлийн 22 жилийн хугацаанд санхүү, банкны салбарт ажиллаж буй туршлагадаа үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэдгээ товч танилцуулсан юм. Тэрбээр мөнгөний бодлогыг сонгуулийн циклээс хамаардаггүй болгож, салбарт тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд мэдлэг, туршлагаа зориулахаа илэрхийллээ. Мөн Монголбанкны үндсэн зорилт буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах, зөвхөн мөнгөний бодлогын хэрэгсэл төдийгээр хязгаарлахгүй, төсөв, сектор, банкуудын харилцан уялдаанд үндэслэн цогц үйл явц гэдгийг тодотгож, макро бодлого, валютын нөөцийн удирдлагыг "гаднаас нь биш, дотроос нь" авч хэрэгжүүлэх болно. Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой нийцүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төв банкнаас тусгаарлахыг чухалд тооцно. Банкуудын эрсдэлийг бодитоор үнэлж, салбарыг эрүүлжүүлэх шийдвэр гаргахын төлөө ажиллана хэмээв.
Гишүүд нэр дэвшигч С.Наранцогтоос Монгол Улсад мөнгөний бодлогыг тогтворжуулах, төсөв болон мөнгөний бодлогыг хэрхэн уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалттай банк оруулж ирэхийг дэмжих эсэх, Монголбанкны Ерөнхийлөгч болсноор валютын ханшийн талаарх авах арга хэмжээ, Төв банкны хараат бус байдлыг хангах, ипотекийн болон тэтгэврийн зээлийн талаар баримтлах бодлого, төгрөгийн ханшийг тогтвортой барих, хэрэглэгчдэд хүндрэл үүсгэж байгаа банкны Iban дугаар болиулах боломжтой эсэх зэргийг асуусан.
Нэр дэвшигчийн зүгээс асуулт нэгбүрчлэн хариулахдаа, арилжааны банкуудыг дэмжих, шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, эрсдлийн зардлыг бууруулах чиглэлд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа, зээлийн мэдээллийн санг бодит цагийн горимд байлгаж хэвшүүлэх, бодлогын хүү өндөр байгааг огцом буулгах нь тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй учраас богино хугацаанд буюу зургаан сарын дотор буулгах боломж одоогийн нөхцөлд байхгүй. Зээлийн өсөлт 24 орчим хувьтай байгаа. Нийт зээлийн 60 хувь нь хэрэглээний зээл байгааг өөрчлөх боломжтой. Төв банкны эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогоо судалгаатайгаар, олон нийтэд нээлттэй танилцуулахаар төлөвлөсөн гэв.
Нэр дэвшигч оролцогчдын асуултад хариулж дуусахад, үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, эдийн засгийн ямар онол баримталдаг болохыг, Монголбанкны өр найман их наяд төгрөгт хүрсэн талаарх байр суурь өмнөх Ерөнхийлөгчийнхтэй ижил байгааг, банкны салбар дахь төрийн оролцоог багасгах, хөнгөлөлттэй зээлийг дэмжих эсэх, банк болон банк бус санхүүгийн байгууллагын чиглэлд ямар бодлого боловсруулахаар төлөвлөснийг тодрууллаа. Мөн валютын ханшийг хүчээр барих бус арилжааны банкаар дамжуулан арилжих зэрэг боломжийг судалсан эсэх, мөнгөний нийлүүлэлтийг хэдээр нэмэгдүүлэхийг асуув. Нэр дэвшигч манай улсад хамгийн тохиромжтой хувилбар нь неоклассик онол хэмээн үздэг гэв. Тэрбээр нээлттэй, чөлөөт эдийн засагт төрийн оролцоог хангаж ажиллана гэсэн байр суурьтайгаа илэрхийлээд, төв банкны нэгдсэн хяналт, шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх нь чухал байна. Валютын арилжааны 80 хувийг төв банканд тушаагаад байхаар зах зээл хөгжихгүй. Тодорхой хэмжээгээр арилжааны банкны салбарт арилжаалдаг болно. Энэ талаар өмнө нь санаачилж байснаа хэрэгжүүлнэ. Нэгэнт нийлүүлсэн мөнгийг зах зээлээс татахад асуудалтай учраас нарийвчилсан тооцоог гаргаж, бодлого боловсруулна гэсэн хариултыг өгсөн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Батчимэг, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Эрдэнэболд, Р.Сэддорж, Б.Найдалаа, Г.Лувсанжамц, Ө.Шижир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа. Тэд санхүү, банкны салбарт тулгамдаад буй асуудлыг хэрхэн, ямар бодлогоор сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулж байв. Нэр дэвшигч С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд бодит мэдээлэл, үнэн үр дагаврыг олон нийтэд нээлттэй танилцуулж, судалгаа, шинжилгээнд тулгуурлан ажиллах болно. Төрийн өмчийн компаниудыг институцийн чиг баримжаатай болгох ёстой, аливаа хууль, дүрмийг тодорхой болгосноор дураараа дургидаг байдал багасаж, цэгцэрнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан зэрэг бүхий л туршлагадаа түшиглэн ажиллана. Мөнгөний хатуу бодлого нэг хэсэгтээ үргэлжлэхээс аргагүй нөхцөл байдалд бий. Урт болон дунд хугацаанд тогтолцооны шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн хариуллаа.
Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланг нийт гишүүдэд хүргүүлж, эрх бүхий этгээдийн санал, сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал, дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай. Сонсголын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна гэснээр хуралдаан хаалттай горимд шилжлээ.
