ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Мөнхсүх: Оюутолгойтой холбоотой 4.4 тэрбумын арилжааны банкны барьцаа бий

O.Admin
2 цагийн өмнө

Оюутолгойн зээлийн гэрээг сайжруулах, Онтрэгийн хувьцааны асуудлыг ярилцсан гурван өдрийн Хянан шалгах түр хорооны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Оюутолгой компанийн удирдлагуудаас өрийн барьцааны асуудлыг тодруулав.

Тэрбээр, "Оюутолгойн зээл нь өөрөө 11 хувийн хүүтэй зээл. Бүхий л төрлийн татвараар нийлүүлээд 1.8 тэрбум ам.доллар Монгол Улс ашиг гэж хүртсэн юм байна. Зөрүүлээд Рио Тинтогийн охин компани менежментийн зардал гээд 1.1 тэрбум ам.долларыг авчихсан. Үндсэндээ ярих юм бол Монголд төлж байгаа бүх төрлийн татвар, хураамжтайгаа яг адилхан хэмжээний менежментийн төлбөр авч байна гэсэн үг. Л.Мөнхсүх захирал даваа гарагт миний асуултад хариулахдаа 1.1 тэрбум ам.доллар гэдэг тоог хэлснээр энэ тоог хүмүүс мэддэг боллоо.

Оюутолгой компани 2028 оны зургаадугаар сарын 30-нд зээлийн хугацаа нь дуусна. Хэрвээ зээлийн төлбөрөө төлж чадахгүй бол Оюутолгой өөрөө зээлийн барьцаанд хураагдах эрсдэл байгаа юу. Хаанахын хэчнээн банкинд хэдэн удаагийн барьцааны гэрээ, хэр хэмжээний зээлийн гэрээ байгаа вэ гэдгийг маш тодорхой асууя" гэв. 

"Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх энэ асуултад "Оюутолгой хэд, хэдэн зээлийн эх үүсвэртэй байгаа. 15 банкнаас 4.4 тэрбумын зээл авсан. 2016 онд авсан зээл юм. Оюутолгойтой холбоотой барьцааны багц гэж байгаа. Бусад зээлүүд нь ямарваа нэгэн барьцаагүй байгаа. Оюутолгой барьцаалагдсан гол төслийн санхүүжилт буюу 4.4 тэрбум ам.долларын 15 банктай хийсэн, хамгийн түрүүнд төлөгдөх ёстой зээл байгаа. Түүнд "Рио Тинто" компаниас баталгаа гаргасан.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож, Оюутолгой компани зээлийн өр төлбөрөө төлж чадахгүй бол тэрний баталгааг "Рио Тинто" төлнө гэсэн том гэрээ байгаа. Оюутолгой компанийн үйл ажиллагаа доголдож, банкууд санхүүжилтээ буцаан татвал хамгийн түрүүнд "Рио Тинто" мөнгийг нь төлөх юм. Яагаад гэвэл үйл ажиллагааг нь хариуцаад явж байсан гэсэн үг. "Рио Тинто" тэгвэл мөнгөө төлж чадахгүй бол яах вэ. Миний ойлгож байгаагаар Монгол Улс баялгийн эзэн хэвээр байна. Харин "Рио Тинто" Хөрөнгө оруулалт болон бусад гэрээгээр олгогдсон эрх үүргээ нөгөө банкуудад шилжүүлнэ гэсэн утга байгаа. Бусад гэрээнүүдэд барьцаалсан зүйл алга" гэсэн хариулт өгөв.