ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Эрхэмбаяр: Г.Занданшатарын Засгийн газраас юу нэхвэл Монгол Улс хожих вэ

O.Admin
1 цагийн өмнө

АН-ын генсек асан Л.Эрхэмбаяр намынхандаа хандан зөвлөгөө өгчээ. Учир нь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимыг огцруулах асуудлыг өргөн барихаар гарын үсэг цуглуулж буй бөгөөд Дэд сайдыг томилгоо хийж төсвийн хууль зөрчсөнөөс гадна аж ахуйн нэгжүүд дампуурч, Монгол Улс шатахууны хомсдолд орж байгаа нь Засгийн газрын чадамжгүйн асуудал гэж үзжээ. 

Тэгвэл Л.Эрхэмбаяр уг зөвлөгөөндөө "Нэг. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг АН санаачилж байх шиг байна. Манай АН сөрөг хүчний хийх ёстой улс төрөө хийж байгаа бололтой.

“Эрх баригчид муу байвал бидэнд сайн” гэсэн тактик барьж Засгийн газрыг дөрвөн удаа унагаж байсан 1996-2000 оны сөрөг хүчин МАН-ын хувиа бодсон, улсаа хорлосон бодлогыг дуурайж болохгүй шүү гэж АН-ын бүлгийн нөхдөдөө хэлье. Одоохондоо Занданг огцрууллаа гээд нэг их сүрхий Ерөнхий сайдтай болохгүй дээ. Ард түмэн, улс орны ахуй амьдралд муугаар нөлөөлнө үү гэхээс сайн нөлөөгүй. Эрх баригчид сандал суудлаа булаацалдаж дахиад л бужигнана, эцэст нь улс орны ажил л уналтад орно.

Хоёр. Г.Занданшатарын Засгийн газраас нэхэх, хамтарч Монголынхоо төлөө 2026 онд нэг санаатай оролдоод үзэх асуудлууд:

-Авилгачдыг цээрлүүлэх

-Төрийн бүх байгууллага, уул уурхай эрхэлж буй ТӨҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хатуу хяналтын тогтолцоо бүрдүүлэх, аудитын газрыг бүхэлд нь сөрөг хүчний мэдэлд өгөх.

-Татварын тогтолцооны өөрчлөлт хийж, хэрэгжүүлэх, татварын дарамт ачааллыг бууруулж хамрагдах хүрээг өргөжүүлэх, далд эдийн засагтай тэмцэх

-Рио, Онтрэтой гэрээгээ шинэчилж, Монголд ашигтай гэрээ байгуулах

Гурав. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдах гэж, нам дотроо учраа олох гэж хамаг цагаа барлаа. Одоо Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө түүнд үүрэг даалгавар өгөөд, гүйцэтгэхэд нь бодлогын дэмжлэг өгөөд \Нэгдмэл нэг улсын намууд байна даа. Эхлээд Монголоо хамтраад бод, нэгд\ Улсаа бодсон шийдвэр, үйл ажиллагаа явуулаад, хянаад, шахаад үзээч. Огцруулъя гэвэл 2027, 2028 он цаана нь чилийгээд хүлээж байна.

Жич: Засгийн газар огцруулах энэ үйл явц яг одоохондоо Монгол Улсад ашигтай юу, хохиролтой юу гэсэн өөрийн бодол дүгнэлтээр байр сууриа илэрхийлэв" хэмээжээ.