Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нь өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарын хамт авлигын хэрэгт холбогдсон бөгөөд өнгөрөгч долоо хоногт тэднийг 48 цагийн хугацаатай цагдан хорьж, албан байр, хамаарал бүхий обьектуудад нь гүйцэтгэх ажиллагаа явуулан үнэт эдлэл бусад эд зүйлсийг нь нотлох баримтаар хураан авсан байдаг.
Энэ талаар АТГ-аас мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын Засгийн газар БНСАУ-ын Засгийн газартай хамтран 10 аймгийн дулааны цахилгаан станц барих 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээг 2019 онд байгуулсан.
Тухайн онд Эрчим хүчний яамнаас нийт дөрвөн аж ахуйн нэгжийг шалгаруулж есөн сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний хугацаа дууссан байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөхийнхөө компанид долоон тэрбум төгрөг олгосон” гэсэн мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл Дулааны цахилгаан станц барих мөнгөнөөс хууль бусаар завшсан Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор болжээ.
Цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргасан аж.
Холбогдсон хэргийн зүйл анги:
-Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Эрүүгийн хуулийн 22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
