ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ & Д.Амарбаясгалан

O.Admin
3 цагийн өмнө

Үе тэнгийн үхэр хонь жилтнүүд, нэгэн цагт үй зайгүй нөхөрлөж явсан улс төрийн ууган хүчин МАН-ын оюутны, залуучуудын байгууллагаас эхлээд хамт яваа хоёр залуу өнөөдөр улс төрийн халуун сэдэв болон яригдаж байна.

Нэг гараанаас гарсан үеийн олон нөхдөөсөө тэд авьяасаар уу, аль эсвэл дэмжлэг, танил талаараа юу ямартай ч ялгарч гараад Монгол төрийн түүхийг тодорхой хугацаанд бичилцсэн учраас жингийн туухай дээр зэрэгцүүлэн тавьж, хийсэн ажил хэлэх үгээр нь хэн байсныг эргэн нэг санахад гэмгүй өдрүүд яг одоо өнгөрч байна.

Наяад оны төлөөлөл гэдгээрээ тэд нэг нь намыг удирдаж, нөгөө нь хөшигний араас стратеги боловсруулж, хоёр дараалсан ялалтад хүргэсэн үү гэвэл хүргэсэн нь үнэн. Гэхдээ улс төрийн амжилтад хэн нь түрүүлж хүрээд, хэн нь илүү нэр хүндийг олж, харин хэн нь хамгийн түрүүнд арчигдаж байна вэ гэдгийг ярьвал олон зүйлийг өгүүлж болох нь ээ. Намаа удаа дараагийн ялалтад хүргэсэн, албан тушаал ирэхэд хойшоо сууж байсан хэмээн удаа дараагийн мэдэгдлээрээ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож буй Д.Амарбаясгалан ба хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж, түүнийгээ байнга гоншигонохгүйгээр ажлаараа зарлачхаад чимээгүй суудлаасаа явсан Л.Оюун-Эрдэнэ нар чухамдаа Монгол Улсын хөгжил дэвшил хийгээд энэ төрийн түүхэнд юу үлдээгээд төрийн өндөр сэнтийгээс буув гэдгийг эргэн нэг санацгаая.

Л.Оюун-Эрдэнэ лидер байж чадсан

Бэрхийн Засаг даргын тамгын газарт галч байсан жаахан хүү Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг гээд нэгэн үеийн залуустай хамт НАМЗХ-нд орж ирснээр том улс төр нь эхэлсэн гэж үздэгийг олон хүн мэдэх биз. Өөрөө ч яриандаа үүнийгээ байсхийгээд онцолдог.

Тэр нутгийн ах У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр энэ хэмжээний өндөрлөг хүртэл явсан нь ч бас үнэн. Хэнтийгээр сүлэлдсэн ах дүү хоёрын дунд зүү ч багтаж орохгүй гүн бат холбоо тогтсон байсан улс төрийн “сайхан” цаг үе бий. Сумын улс төрд төөрч явсан хүүг эхний сонгуулиар л УИХ-д оруулж ирэн ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд болтол нутгийн ах нь дэмжсэн. Ах, дүү хоёрын энэхүү нөхөрлөлийн хүчээр ард түмэн ч олон зүйлд хожсон гэж боддог хүний нэг нь би.

Ядахдаа л Монгол Улс маань М.Энхболд гэх эзэн хаан суух шахсан “Хотын фракц”-ийн ноёрхлыг таслан зогсоож, улсынхаа газар бүрийг МАНАН бүлэглэлд зарчихгүй зогсоож чадсан түүхтэй. Оюутолгойг нохойн замаар оруулчихгүйгээр тогтоон үлдээж, өнөөдөр хувиа нэм, хувьцааны ашгаа авмаар байна гэж хэрэлдэж суухтайгаа үлдсэн нь бас үнэн.

Тавантолгойн бүлэг ордоо хятадуудад 100 жилээр тавиад туучихгүй тэсэж үлдсэн гавьяа Л.Оюун-Эрдэнийх гэдэгт маргахгүй. Баялгийн сангийн тухай анх удаа тэдний хамтарлын үед яригдаж, хууль болон батлагдсан гээд олон зүйлийг ярьж болно.

Дараа нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож таван жил ажиллахдаа ч төрийн түүхэнд олон тод мөр үлдээх шийдвэр гаргаж чадсан учраас түүнийг лидер гэж хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцэх биз ээ. Тиймдээ ч Ардын нам өнөөдөр түүнийг улаан цагаан хөөчихөж чадахгүй, ард түмний бодит дэмжлэг ихтэй залуу улстөрчөөс бэргэж суугааг нуух юун.

Савалгаатай, хуулийн хийдэл ихтэй, шүдгүй арслан мэт гүйцэтгэх засаглалтай Монгол Улсад хамгийн олон жил буюу таван жил гаруйн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллана гэдэг тийм ч амар биш. Ердөө жил гаруйн настай Засгийн газрын тэргүүнээр таван жил ажилласан гэхээр ямархуу лидер улстөрч байсныг илтгэх биз.

Хэний ч аавын хүүгийн тэгж удаан тэсэж чадахгүй албан тушаал дээр Л.Оюун-Эрдэнэ тэсэж үлдэж чадсан. Тэр тусмаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг манлайлж, олон намын тогтолцоог бий болгож чадсан. Олон жил, олон улстөрчийн өргөн бариад ч хийж чадаагүй парламентын гишүүдийн тоог олшруулах, хүчтэй Гүйцэтгэх засаглал буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлыг хийж чадсантай хэн ч маргахгүй. Цаашлаад, баялгийн санг амь оруулах ажлыг мөн л Л.Оюун-Эрдэнэ оройлон хийж явсны шагналд харин олон дайсантай болсон нь бас үнэн.

“Баялгаасаа хувь хүртэцгээе” гэж уриалж, энэ талаар алхам хийснийхээ шагналд тэр дараагийн нэг бүлэглэлд “тархиа хага савуулж”, эрх мэдлийн өндөрлөгөөс хүчээр чирэгдэж буусан билээ.

Ард түмэн түүнийг унагаагүй, Ардын нам ч дангаараа унагаж дийлэхгүй байлаа. Гэлээ гэхдээ тэр Д.Амарбаясгалан шиг би чадалтай, чансаатай ч нөхөрлөлдөө үнэнч байсны шагналд албан тушаалаасаа уначихлаа гэж гоншигонож гүйгээгүй нь бас үнэн.

Мега төслүүдийг эхлүүлье, боомтын сэргэлтийг амилуулъя, аялал жуулчлалаа хөгжүүлье гэсэн асар том амбийц бүрийн араас олон хүний дэмжлэг авч, тэр хэрээрээ ч дайсантай болсон. Гэлээ ч хийж эхлүүлээд хэрэг хүлээх байсан ч хамаагүй гэж зүтгэсний үр дүнд бид боомтын сэргэлтээ босгож, эдийн засаг амь тасарчихгүй үлдэж, дараагийн Засгийн газар ажлаа хэл амгүйхэн хийгээд явж байна. Энэ бүхнийхээ араас ч тэр би хийчихсэн юм, бидний хийсэн юм, миний хийж байсныг таслаад ажлыг минь авчихлаа гэж баяр болгоноор мэдэгдэл хийж гүйгээгүйг мөн эргэн санацгаая.

Д.Амарбаясгалан гүйцэтгэгч төдий байсаар дуусав уу

С.Баярын дараа яригдах стратегич гэж Д.Амарбаясгаланг үнэлдэг хүн улс төрд олон бий. Зарим талаараа ч энэ үнэн байх. Улс төрийн том намын генсекээр тасралтгүй найман жил ажиллаж, дөрвөн ч сонгуульд ялуулсан гэдэг утгаараа тэр өөрийгөө “хөшигний арын лидер” гэж хүлээн зөвшөөрүүлэх гэж оролддог.

Гэвч нэгхэн насны зөрүүтэй энэ хоёр залуугийн намтар нь өөрөө өөр зүйлийг өгүүлдэг нь худлаа биш. Д.Амарбаясгалангийн тухайд 1999 онд буюу 18 насандаа Ардын намд элссэн гэж үздэг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийх бүр хожуу буюу бараг л 2006 оны үед яригдана. Гэтэл НАМЗХ-г 2010 оноос Л.Оюун-Эрдэнэ удирдаж, Д.Амарбаясгалан харин Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Намын генсекийн албан тушаалд Л.Оюун-Эрдэнэ түрүүлж буюу 2012 онд үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв. Харин Д.Амарбаясгалан хожуу буюу 2016 оноос хойш яригдана. ЗГХЭГ-ын даргад ч мөн Л.Оюун-Эрдэнэ түрүүлж суусан, Д.Амарбаясгалан хожуу буюу 2022 онд найзыгаа Ерөнхий сайдаар томилогдсоны дараа очсон.

Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуульд намаа удирдан ялалт байгуулсны дараа буюу хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдоход Д.Амарбаясгалан сая л нэг юм УИХ-ын даргын албанд очсон. Улс төрийн намд элээсэн цаг хугацаагаа тооцвол Д.Амарбаясгалан энэ бүх албанд түрүүлж очих байсан ч тийм зүйл болоогүй. Гэтэл үүнийгээ найздаа боломж олгосон, нөхөрлөлдөө үнэнч үлдэхийн тулд хийсэн сонголт гэж тэр мэдэгдэл бүрээрээ тайлбарлаж буй ч нэг л үнэмшилгүй. Тэр гүйцэтгэгч төдий явсан улс төрийн карьерийнхаа буруутнаар найз нөхдөө нэрлэж буй нь ямар хүн бэ гэдгийг нь нотлох мэт санагдаж буйг нуух юун. Хатуу ч гэлээ үнэн шүүмжлэл шүү.

Нөгөө талаас өнөөдрийн улс төрийн түүхэнд “бодит легаси” үлдээж чадсан уу гэдэг асуулт өөрөө бодит хариулт болох биз. Цөөн хэдэн хүний итгэл үнэмшилд суурилсан улс төрийн нам буюу ТББ-д “легаси” үлдээснээ байсхийгээд л мэдэгдэл бичиж сануулахаас илүүтэй улс төрийн түүхэнд буюу Монгол Улсын түүхэн хөгжил, дэвшилд үлдээх “легаси”-гаар нь ямархуу ранктай улстөрч вэ гэдгийг нь шүүн тунгаах учиртай. Тийм ч байсаар ирсэн. Тэгэхээр легаси талаасаа харвал Л.Оюун-Эрдэнэ олон талаар хүлээн зөвшөөрөгдөж, С.Баярын “Таван төгөлдөршил”-тэй утга дүйх “Парламентын гурван төгөлдөршил” ярьсаар асар хурдан хугацаанд албан тушаалаасаа буусан Д.Амарбаясгалан гүйцэтгэгч төдий буюу хөшигний арын хүн байсаар дуусчээ гэчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх аа.

Улс төрд өс санах, эсвэл ач санах зүйл ердөө ч сайн зүйл биш. Угтаа улс төрд мөнхийн найз, эрх ашиг, нөхөрлөл байхгүй гэдгийг улс төр судлаач мэргэжилтэй, өөрийгөө стратегич гэж нэрлэж буй экс генсек Д.Амарбаясгалан хамгийн сайн мэдэж байгаа. Гэтэл намаас хөөгдөх тухай яригдаж, өөрийнхөө найруулсан хар хорондоо өөрөө бүдрэх цагтаа “Би нөхөрлөлдөө үнэнч үлдсэн. Л.Оюун-Эрдэнийг бодож энэ бүхнийг хийсэн” гэж гоншигонох нь үнэндээ утгагүй санагдаж буйг нуух юун. Нөгөөтээгүүр, “Нэгэн цагт дэмжлэг авч байсан нөхөд нь түүнийг хамгаалсангүй. Л.Оюун-Эрдэнэд хэтэрхий итгэж найзынхаа найруулсан хар хоронд л Д.Амарбаясгалан бүдэрчихлээ. Түүний дэмжлэгийг авч байсан хүмүүс араас нь хутга зоолоо” гэж түүнийг дэмжигчид ихэд уурсан сошиалд бичиж байх ажээ. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ухамсаргүй амьтдын хууль ухамсарт ч хүн төрөлхтөнд ч эрт цагаас үйлчилсээр ирсэн.

Хатуухан хэлэхэд, хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг ийм цагт би чамайг дэмжсэн учраас чи одоо намайг хамгаалах ёстой гэж гуйж, гомдож гүйх нь өөрөө утгагүй билээ. Угтаа, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд өрөөлөөс алдаагаа хайх бус өөртэйгөө эхэлж ярилцан, хаана алдсан, юунд бүдрэв, миний ямар араншин урд гарч үлгэрлэх бус ард үлдэж гүйцэтгэхэд хүрэв гэдгээ санаж, сэрэхэд чиглэх учиртайсан. Эхнэр, нөхөр байтугай эрүү толгой ч салдаг хуулиар улс төрд нөхөрлөл ярих нь өөрөө утгагүй билээ, Д.Амарбаясгалаан.

Намайг дэмжихгүй жийчихлээ, чамайг би хараад авчихлаа гэж “занаж” суух бус хүрээллээ юугаар бүрдүүлж, юунд хайрцаглагдаж, ямархуу ранктай улстөрч явснаа бодож, үнэхээр л гэм буруугүй бол эргээд өндийх чадал ч өөрт чинь үлдсэн байлгүй.

Гагцхүү түүнийгээ баяр бүрээр мэдэгдэл гарган зарлаж, “Би л хэлмэгдчихлээ, бусад нь гэмгүй болоод үлдчихлээ. Намайг л хөөчихлөө, надаас бусдыг нь аваад үлдчихлээ. Л.Оюун-Эрдэнэ намайг нөхөрлөлдөө үнэнч байхад жийчихлээ. Тэр л хор хутгачихлаа. Намын нөхөд минь намайг ялалтад хүргэсээр байхад хамгаалсангүй” гэж зарлаж, уйлж дуулах шаардлагагүй юм шүү. Хүчтэй улстөрч гэдэг ямар байдгийг ядахдаа л нэг насны зөрүүтэй найзаасаа хар.