ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаас мултарч, ял завших санаатай байна

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АТГ-т Хуульзүйн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар хандах үедээ Дэд сайд Д.Мөнх-Эрдэний асуудлаар ноцтой баримт дэлгэсэн. Өөрөөр хэлбэл, өөрийн найз Л.Отгонбаяртай хамтран хуулийн фирм байгуулж 11 тэрбумын хуулийн зөвлөгөө өгсөн, "Бодь" группт ажиллаж байснаа намтраасаа утгасан, замын камерын бичлэгийг хүртэл устгаж байна гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Хуульзүйн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өөрийн нүүр номдоо тайлбар оруулжээ.

Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнэ нарын Монголын том хулгайчдыг тойрсон бүлэглэлийн авлига, албан тушаалын хэргүүд илрээд амь тэмцэн, үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хаа хамаагүй баахан бурж, элдэв муу юманд холбох гэж оролдсон бололтой. Худал гэдгийг баримтаар хялбархан нотолно.

Ер нь харанхуй, ухаан муутай хүн тул өөрийнхөө холбогдон шалгуулж байгаа том хэргүүдийг бусдад бухаж, хулгайч, авлигач нартай тэмцэж байгаа мань мэтийг зайлуулж, хариуцлагаас мултарч, ял завших санаатай байх шиг байна. Нүүрсний том оффтэйк гэрээнүүд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байх үед хийгдсэн гэрээнүүд. Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, олон арван компаниудтай тэрбум, тэрбумаар шууд гэрээ байгуулсан тушаал, шийдвэрүүд байгаа даа. Цаг өөрчлөгдсөн. Нэг аргаар олон удаа түмэн олныг хуурч, залилж чадахгүй ээ, Уранбураак Л.Оюун-Эрдэнэ ээ. Наад арга чинь удахгүй үнэнд гүйцэгдэнэ.

АТГ-аас Ерөнхий сайд асан Уранбураакийн холбогдсон бүх хэрэг, хөрөнгө орлого, эх үүсвэрийг нь хуулийн дагуу шалгаж байгаа байлгүй дээ. Эрдэнэс Оюутолгой компанийн 20 сая ам.долларын хууль бус зарцуулалт, хувьдаа ашигласан хэрэг, "Смарт эко транс" компанид улсын хилийн зурваст хууль зөрчиж 66 га газар олгосон, 100 гаруй тэрбумын хэрэг, их наяд төгрөгийн нүүрсний оффтэйк гэрээнүүд, Харбины олон тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ г.м олон хэргийн материал очсон байгаа даа" гэв.