Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө ээлжит бусаар 08.00 цагт хуралдаж, шүд сугалах буюу хоёр сайдыгаа огцруулна гэх мэдээлэл өчигдөр сошиал сүлжээнд эрчимтэй тархсан. Гэсэн ч энэ мэдээллийг Засгийн газраас албан ёсоор няцааж, ээлжит бус хуралдааны тов зарласныгаа цуцалсан билээ. Г.Занданшатарын Засгийн газраас “хөөгдөж” буй хоёр сайд нар өнөөдөр өглөө чуулганы хуралдааны үеэр өөрсдөө өргөдөл өгсөн гэж мэдэгдэв.
Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр “Өргөдлөө би өөрөө бичиж өгсөн. Хувийн шалтгаанаар ажлаа өгч байгаа. Төрийн ажил залгамж халаатай явах ёстой. Тэр утгаараа өргөдлөө өгсөн. Би дарамт шахалтад орсон гэж юу ч яриагүй. Боловсролын салбарт 1.3 сая иргэний асуудал яригддаг. Тэнд хэл амгүй байна гэж байхгүй ээ. 2026 оныг бид "Боловсролыг дэмжигч жил" гэж зарлуулаад ажиллаад явж байна.
Хоёр дахин олон сургууль шинээр баригдах нь ээ. Багийн бага сургуулийг барина. Цалин нэмэгдлээ. Цахим үйлчилгээний либералчлал явагдлаа. Гэх мэтээр яриад байвал олон зүйл байна. Дараагийн хурал хүлээж байгаа учраас ингээд дуусгая" хэмээн ярьсан байна.
