ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

O.Admin
4 цагийн өмнө

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ. 

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хэлэхдээ ""Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасны дагуу 7 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг Үндэсний их баяр наадмын амралтын өдөр гэж хуульчилсан.

Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүд нь бямба, ням гарагт тохиож байна. Тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 7 дугаар сарын 16, 17 буюу пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөрт шилжүүллээ. Энэ өдрүүдэд ажилтан, албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна. Амралтын өдөрт шилжүүлсэн 16, 17-ны ажлын өдрийг 2026 оны төсвийн жилдээ багтаан аль нэг өдөр нөхөж ажиллуулна" гэв.

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг.