Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсэд тулгуурласан сайжруулсан түлш бэлтгэх төслийн нэгжийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, НЗДТГ хамтран байгуулах шийдвэр гаргалаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн ААН албан ёсоор байгуулагдсан гэсэн үг. 140 гаруй сая ам.долларын өртөгтэй тус үйлдвэр утааг бууруулах зорилготой юм. Намар үйлдвэрийн сонгон шалгаруулалтыг дуусгаж, гэрээ байгуулж чадвал 2028 оны эхний хагас жилд багтаж бүтээгдэхүүнээ ахуйн хэрэглээнд нийлүүлэх бололцоо бүрдэнэ.
Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтад 9 компани саналаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт нийслэлд сонгон шалгаруулалт явагдаж, гүйцэтгэгч элдэв хэл ам, маргаан мэтгэлцээнгүй шалгарч дууссаны дараа энэ намартаа эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. 400 гаруй ажлын байр шинээр бий болно. 600 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай “Нүүрс-пиролизын үйлдвэр” байгуулагдах юм.
Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт баавгай хүн амын суурьшлын бүс руу орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол тоглоом биш. Хүний амь настай холбоотой асуудал. 1980 оноос хойш Монгол Улс хүрэн баавгайн тооллогыг явуулаагүй. Ойрын үед тооллого явуулна. Тухайн үед 500 гаруй байгаа гэж тоо гаргаж байжээ. Хадлан тэжээл бэлтгэж байгаа, самар жимсэнд явсан, уул хаданд явдаг хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя. Болж өгвөл ууланд алхахгүй байх, дор бүрнээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.
Баавгайнаас хамгаалах техник хэрэгсэл дутуу байгаа нь үнэн. Баавгай унтуулдаг буу, айлгах шүршдэг цацлагыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр авч, аймаг, орон нутгийн Байгаль орчны газруудад олгохоор шийдвэрлэлээ. Богино хугацаанд аялал жуулчлалын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудтай хамтран хилээр оруулж ирнэ. Дуудлагаар явж байгаа алба хаагчдын шатахууны зардал зэрэг шаардлагатай санхүүжилтэд нэг тэрбумын хөрөнгийг нөөц сангаас гаргана. Тусгай хамгаалалттай газруудад амьдаар барих тор хийх чиглэл өгсөн. Зарим аймгуудад амь тулсан нөхцөлд буудах квотыг өгье гэх шийдвэр гаргалаа. Дуудлагын утсыг тасралтгүй 24 цагаар ажиллуулна" хэмээлээ.
