ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Дамдинням: Монгол Улс хангалтаа таслахгүйг хичээж, олж ирснээ бүгдийг нь түгээж байгаа

O.Admin
41 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нефтийн бүтээгдэхүүний импортын асуудал болон БНХАУ-д хийгээд ирсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр, “Манай хэрэгцээ өсөн нэмэгдэж, улам өсөж байна. Нөгөө талдаа дайн тулаанаас шалтгаалан ОХУ-ын 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь халдлагад өртчихөөд байна. Дотоодын хэрэгцээ нь маш хүнд байгаа ч идэвхтэй яриа хэлцлийн үр дүнд зөвхөн Монгол Улсад л экспортолж байгаа.

100 хувь манай захиалгыг нийлүүлж байсан бол өнгөрсөн 7,8 дугаар сараас хойш 100 хувь нийлүүлж чадахгүй байгаа учраас БНХАУ, БНСУ-аас нэмэлтээр авч эхэллээ. Хятад улсын тухайд дотооддоо хязгаарлалттай байгаа ч сая очсон уулзалтаар амжилттай яриа хэлцэл хийж, тогтмол нийлүүлэх гэрээ байгуулах талаар яригдлаа. Үнийг тохирно гэж ярилцсан. Манай талд захиалгаа нэгтгэж өгөх, тогтмол авах гэсэн шаардлага тавьсан. Ядарсан үедээ битгий ирээд байгаач ээ гэсэн.

Бид жилдээ 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. 3/1 буюу 1 саяыг авах зорилттой ажиллаж байгаа. Урд талд дамжуулан ачих хүчин чадал нийт хэрэглээний 60 хувийг бүрдүүлэх боломжтой болсон. Хоёр хувийн хэвшил дамжуулан ачих байгууламж шинээр барьж ашиглалтад орууллаа.

Үнийг дэлхийн зах зээлийн үнээр явахаас өөр аргагүй. “Евро-2”-ыг зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг. Манайх, Киргиз гэсэн хоёр улсад зориулсан нэг л хоолой бий. БНХАУ тэр чигээрээ “Евро-5” үйлдвэрлэдэг. Цаашдаа хүссэн ч эс хүссэн ч “Евро-5” руу явахаас өөр аргагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл ОХУ-ын нефтийн байгууламжийг битгий бөмбөгдөөч гэдэг хүсэлт тавилаа. Дэлхий дахин тэр чигээрээ л асуудалтай болж эхэллээ. Монгол Улс хангалтаа таслахгүйг хичээж байна. Олж ирснээ бүгдийг нь түгээж байгаа. Үнэндээ олж ирж л чадаж байвал амжилт болж байгаа.

Хэн нэг хүн, Засгийн газар огцроод шатахууны хангалт хэвийн болчихдог бол хамаа алга. Манай Засгийн газар сүүлийн 36 жил хэрэгжээгүй шатахууны нөөцийн сав барих ажлыг эрчимжүүллээ. Энэ оны төгсгөл гэхэд хадгалах чадвараа 14 хоногоор, ирэх оны өдийд 2 сараар нөөцлөх чадалтай болно. Газрын тосны үйлдвэрийн ажлаа эрчимжүүллээ. Ер нь газрын тосны хайгуулын ажлаа эрчимжүүлье гэдгээр “Петро чайна” компанитай тохиролцоонд хүрсэн. Шатахуун хилээр орж ирснээс хойш 5 удаа магадлан итгэмжлэгдсэн лабораторийн хяналтад ордог. Шатахууны чанарын асуудлыг хөндлөнгийн байгууллага авчраад шалгуулсан ч буруудахгүй. Гар аргаар октан шалгагчийг ашиглахгүй гээд мэдэгдэл хүртэл гарчихсан шүү дээ.

Танай сошиал орчинд бидний өгсөн шатахууныг голсон асуудал байгаа шүү гэж ОХУ-ын тал бичгээр хэлээгүй ч хандлагаараа харуулсан. Одоо бол бидэнд өгч байгаа нь их юм шүү. Шатахуун импортлогч компаниудад энэ жилийн улсын төсөвт 20 тэрбумын татаас олгохоор төсөв тавьснаас 13 тэрбумыг нь олгосон. Одоо 7 тэрбумын үлдэгдэл бий. Шаардлага хангасан ААН-үүдэд өгөхөд бэлэн байна” хэмээн мэдэгдэл хийлээ.