ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Хаянхярваа: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох бололцоотой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-16

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Мөн 2019 оны төсвийн төслийн талаарх санал дүгнэлтээ нэгтгэжээ. Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай цөөн асуултад хариулт авлаа.  

-2019 оны төсөв багагүй шүүмжлэл дагуулж байна. Бүлгийн хуралдаанаар төсвийн талаар юу гэж хэлэлцсэн бэ?

-2019 оны төсөвтэй холбоотой маргаан их гарч байна. Жилийн жилд төсөв батлахад маргаан гардаг. Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахад багагүй хэл ам болдог. Энэ жилийн төсөв яг л энэ жамаар явж байна. Нийгэмд ярьж байгаа шиг энэ оны төсөв бүхэлдээ 2020 оны сонгууль руу чиглэсэн, эдийн засгаа баллах хэмжээний төсөв болсон гэдэгтэй санал нийлэхгүй. Учир нь энэ төсөвт бид боломжоо бүрэн дүүрэн ашигласан юм. Өөрөөр хэлбэл, орлогоо нэлээн өөдрөгөөр төсөөлж, есөн их наяд орчим төгрөгийн орлого олж, 10 орчим их наяд төгрөгийн зарлага гаргана гэсэн тооцоо бий. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа.

Түүнчлэн тойрог бүхэн таван тэрбум төгрөг авсан. МАН-ын гишүүдийн таван тэрбум нь их бага тавигдсанаас болоод, булаацалдаад байгаа гэсэн яриа гарсан. Энэ таван тэрбум төгрөг бол УИХ-ын гишүүдийн мөнгө биш. Зарим гишүүд ч үүнийг буруу ойлгож яриад байна. Ажил хийх гэсэн гишүүдийн тавьсан саналыг шийдвэрлэх зорилгоор тойрог бүхэнд ойролцоогоор таван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж өгч байгаа. Энэ мөнгийг орон нутгийн удирдлагуудтай ярилцаад, хаана ямар зүйлд хөрөнгө санхүү хэрэгтэй байгаа төсөлд зарцуулна. Түүнээс биш УИХ-ын гишүүн тойрогт төсөвлөсөн тэр мөнгийг хуваарилах зарчим байхгүй. Ер нь УИХ-ын гишүүн хөрөнгө санхүүтэй биечлэн зууралдах ёсгүй. Зөвхөн гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. 

-Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох талаар ярьж байгаа гэлээ. Бүх хүүхдэд олгох боломжгүй гэсэн үг үү?

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө гэсэн тогтоол гаргах юм бол ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгийг гаргах бололцоо байна. Гэвч бидэнд олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж байгаа. 2019 оныг дуустал Олон улсын валютын сантай гурван жилийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Тиймээс бид тохиролцсон тохиролцоондоо байх ёстой гэдэг. 

-Сангийн сайдыг Увс аймагт 52.8 тэрбум төгрөгийг хуваарилсан гэсэн шүүмжлэл байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн актив хэсэгт судалгаа гаргасан өнцгүүд түүнийг ярьж байгаа. Энэ нь цаанаа гурван өөр эх үүсвэрт тодорхой төсөв тавигдсан юм билээ. Тэр нь намын мөрийн хөтөлбөрт суусан бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээ гэдэгт Увс аймаг зэрэг хэд хэдэн аймгуудад тавьсан төсвийг авсан юм. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөлд суусан гурван төсөв байгаа. Төсвийн байнгын хороон дахь ажлын хэсэг үүнийг нягталж үзээд, хуулийн дагуу юу, өөр зорилготойгоор аргалаад оруулсан уу гэдгийг нягтлан бүлэгт танилцуулна. Удахгүй асуудлыг цэгцэлнэ.

-Цалин тэтгэврийг 2019 оны хэдэн сараас эхэлж нэмэх вэ? 

-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 700 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Төсвийг хэлэлцэх явцдаа хэдий үеэс эхлэн нэмэх вэ гэдэг асуудлыг тодорхой болгоно. 

-Тухайн сумын хүн амаас давсан хэмжээний хөрөнгө оруулалт эмнэлэг сургуулийн барилгад нь төсөвлөсөн гэсэн шүүмжлэл байна. Энэ талаарх судалгаа байдаг уу?

-Тийм яриа бий. Гэхдээ өнөөдрийн байдлаар яг тэр сумын сургууль хүүхдийнхээ тооноос давсан хүчин чадалтай байна гэсэн зүйл алга. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн том асуудал бол 2020 он гэхэд гурван ээлжийг байхгүй болгож, намрын намарт хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж дугаарладаг асуудлыг хална гэсэн зорилт тавьсан. Тиймээс үүнд эргэлзэхгүй байж болно.