УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс тарах ёстой гэсэн шаардлагыг М.Энхболд даргад өгсөн. Та энэ саналыг дэмжиж байгаа юу?
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй учраас тарах ёстой гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үндсэн хуулийн 22.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болсноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт бий. Хэрэв УИХ тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ гэсэн заалт бас бий.
-Та бүхэн өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын чуулган болон байнгын хорооны оролцохгүй гэж хурлаа хаясан. Энэ нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?
-Ардчилсан намын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж хурлыг орхин гарсан. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг яаралтай хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхээс нааш бүлэг чуулганы хуралдаанд сууж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ажил хаялт зарласан.
-УИХ-ын даргаас ямар нэгэн хариу өгөөгүй. Олон нийтийн хувьд энэ асуудал хүлээлт үүсгэж байна?
-Олон нийт маш их бухимдалтай байна. УИХ-ын цөөнгүй гишүүн авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдчихлоо. Хууль хяналтын байгууллагууд ажлаа хийх ёстой. Гэтэл хийхгүй байна. Мөн УИХ-ын дотоод хяналтын байгууллага Ёс зүйн хороо хуралдаж, дүгнэлтээ гаргахыг албан ёсоор шаардаж байна.
-Ирэх оны төсөвт гишүүдийн амыг хаах зорилгоор их хэмжээний мөнгө төсөвлөсөн гэж олон нийт дүгнэж байна. Үүнтэй санал нийлэх үү?
-2019 оны төсвийг боловсруулахдаа гишүүдэд мөнгө хуваарилах замаар амыг нь хаасан. Улсын төсвийг их хэмжээний алдагдалтай оруулж ирсэнд Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байна. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар “Нээлттэй сонсгол” хийх ёстой. Энэ шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. Төрийн институцийн хувьд бусдынхаа шаардлагад хүндэтгэлтэй хандаж асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой арга зам эрэлхийлэх ёстой юм.
-С.Зоригийн амиа алдсан хэргийг дахин шалгах шаардлагагүй гэсэн?
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгаж, захиалагчийг олон түмэнд зарлана гэж эрх баригч намын албан тушаалтнууд гарч ирсэн. Өнөөдөр С.Зоригийн амиа алдсан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хэргийг хааж байна гэж олон нийтийн тархийг угааж байна. Миний хувьд энэ зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй.