УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Чацаргана” төслөөр ЖДҮХС-гаас 12.8 тэрбум төгрөг авчээ гэх мэдээлэл цацагдсан. Тиймээс цаг үеийн асуудлаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг “Чацаргана” төслөөр 12.8 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-Засгийн газрын мах, сүүний аян гэж байгаа. Энэ аяны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой шүү дээ. Аймаг орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх ёстой юм. Малчдын орлогыг бий болгохын тулд үйлдвэр хөгжүүлэхээс өөр аргагүй. Мах нь борлогдохгүй байна. Засгийн газрын хөтөлбөрт оруулсан өөр нэг зүйл бол сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ хүрээнд бид Булган аймагт төсөл боловсруулж, нийт 16 суманд нэг, нэг үйлдвэр барина гэж ярилцсан. Мөн өрхийн орлогыг бий болгоно гэж сонгуульд оролцохдоо ярьж байснаараа “Чацаргана” хөтөлбөр аймагтаа хэрэгжүүлье гэж бодсон. Механикаар бичигдээд ирэхээр нийт төсөв нь 12.8 тэрбум төгрөг болсон. Үүнийг бид Засгийн газарт оруулаад дэмжээд өгөөч гэж хүссэн. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын төсөвт суулгаж өгөөч гэж хүссэн хэрэг. Ерөнхий сайдын нэр дээр хүсэлтээ явуулсан юм. Улмаар Засгийн газар хүлээж аваад, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат миний хүсэлтийг яаманд уламжилсан юм билээ. Тэр бичиг л гарч ирсэн юм.
-Төсөл явсан гэсэн үг үү. Таны оролцоо байхгүй гэж ойлгох уу?
-Төсөл явсан ч дэмжлэг аваагүй. Сүүлд нь аргаа бараад “Чацаргана” хөтөлбөрт 900 гаруй сая төгрөг суулгаад аймагтаа хэрэгжүүлээд явсан юм. Аймгийн орон нутгийн төсвөөр санхүүжүүлээд явсан төсөл юм. Том төслөө томоор оруулсан бичгийг л гаргаад ирчихсэн юм билээ. Надад зээл авсан зүйл байхгүй.
-Та ямар итгэл үнэмшлээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихав?
-Ард түмэн амьжиргаа муу байна гэж ярихгүй байна. Тэртээ, тэргүй л хүнд байгаа шүү дээ. Хамгийн гол нь энд сууж байгаа 76 гишүүн чинь өөрсдөө цэвэрхэн юм уу гэдэг асуудал байгаа юм. Засгийн газар шударга байна уу гэдгийг ярьж байгаа. Хүсэн хүлээж байгаа шиг шударга байж чадахгүй байгаа учраас огцруулъя гэж гарын үсэг зурсан.
-Энэ танхимд ажиллаж байсан хүн шүү дээ. Хангалтгүй гэж дүгнэсэн гэсэн үг үү?
-УИХ, Засгийн газар бололцоогоороо ажиллаж байна. Гэхдээ үүнээс илүү ажиллах бололцоо байгаа шүү дээ. Шударга байгаач гэдэг хүлээлтийг л хэлээд байна. Хариуцлага тооцох механизм байхгүй болчихлоо гэсэн ард түмний хүсэлтийг төлөөлж гарын үсгээ зурлаа. Аман дээрээ өөр зүйл яриад, начир дээрээ алагчлаад байгааг гайхаж байна.
-“Шинэ хөдөө” төсөлд ирэх онд мөнгө төсөвлөсөн үү?
-2018 онд тэрбум төгрөг тавьсан. Энэ мөнгөөр малын үржил, жимс жимсгэнэ, хойд сумдуудад сүүний болон махны чиглэлийн үхэр үржүүлнэ. Мөн сайн үүлдэрийн хуц ухна үржүүлж, үүлдэр угсааг сайжруулна. Миний санаачилсан “Шинэ хөдөө” төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгох гэж үзсэн. Б.Батзориг сайд ч шинэчилж боловсруулаад оруулсан ч батлагдаагүй юм. Тиймээс төслөө жижигрүүлээд “Шинэ хөдөө Булган” болгосон. Ирэх онд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ төсвөөр юу хийх вэ гэдгээ аймгийн ИТХ-аар ярилцаж шийднэ.
-Энэ хоёр тэрбумыг дахиад л Ж.Бат-Эрдэний хувийн мөнгө гэсэн асуудал гарах вий?
-Би Засгийн газарт тавихдаа “Шинэ хөдөө” төслийг дэмжихгүй юм бол ядахдаа сум бүрт ЖДҮ-ийг дэмжээд өгөөч гэдэг санал тавьсан. 330 суманд 330 тэрбум төгрөг тавьчихаач гэж хүссэн. Хэрэггүй болсон төслийг ураад хаялаа гэж миний нүдэн дээр төслөө урж байсан хүн ч таарч байлаа. Тэднийг л дэмжих ёстой шүү дээ. Юм хийе гэсэн хүмүүст мөнгө очихгүй байгаа учраас хүсэлт тавьсан. Хяналтаа зөв тавиад яв, ямар суманд, аймагт ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ судалгаатай гаргаад ир гэж хүссэн юм. Үндэсний хөгжлийн яам, Сангийн яам судлаад явахад болохгүй зүйл алга байсан. Аргаа бараад болохгүй учраас Булган аймгийн 16 суманд хэрэгжих төслүүдэд хоёр тэрбумыг суулгуулсан.