ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурна гэж мэдэгдсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-20

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай цөөн хорои ярилцлаа. 

-Чуулганы хуралдаанд  УИХ болон Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэн. Таны санаачилгыг намынхан тань дэмжих болов уу?
-Тэгсэн. Би Засгийн газар огцор, УИХ тар гэсэн мэдэгдлийг чуулганы хуралдаанд хэлсэн. Ингэж хэлсэн өдрийн  орой нь  миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийн биед халдсан. Би Хууль зүйн сайд руу ярихад биднийг  гомдол гарах ёстой гэж зөвлөсөн. Өчигдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж шинжилгээ өгсөн. Энэ бол албан тушаал эрх мэдлийн төлөө хийсэн үйлдэл гэж харж байгаа. 

-Энэ бүхний цаана Ж.Мөнхбат байгаа гэсэн мэдээлэл байгаа шүү дээ. Энэ үнэн үү. Өөрөөр хэлбэл, таныг зохион байгуулсан гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Тийм зүйл байхгүй. Надад занал хийсэн үйлдэл болж байна. Надад өгч байгаа сануулга. Улс төрийн анхааруулга өгч байна гэж үзэж байгаа. Би зөвлөхийнхөө толгой руу төмрөөр цохиод зогсож байх хэмжээний хүн биш. Цаашдаа миний бие, гэр бүл, хамтран зүтгэгч нарын амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй учраас анхааралдаа авна уу гэж холбогдох байгууллагууд хандсан.

-Намын нөхөд чинь дэмжих юм уу?
-Би өнөөдрөөс /өчигд­рөөс/ УИХ-ыг тараахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн.  Хэд хэдэн гишүүн дэмжинэ, гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн. УИХ өөрөө тарах буюу гишүүд нь дэмжиж гарын үсэг зурснаар УИХ тарна. ЖДҮХС-гаас албан тушаалтнууд, сайд, гишүүд зээл авсан. Би Ерөнхий сайдад ЖДҮХС-гаас зээл авсан сайд, Сангийн сайдад хариуцлага тооц гэж хэлж байсан. Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл ямар ч алхам хийсэнгүй. Ерөнхий сайд албан тушаалтнуудтайгаа хариуц­лага тооцох чадамжгүй болсон юм байна гэж үзэж байна. 

-Засгийн газрыг огц­руулах үндэслэл байх­гүй. УИХ-ыг тараахгүй гэсэн байр суурийг МАН-ын олон гишүүн илэрхийлж байгаа шүү дээ?
-Ерөнхий сайд намын байранд  хүмүүс цуг­луулж, жагсаал цуглаан хийнэ гэж ярьсан байна. Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа. Би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. УИХ ч тарах ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайд, Засгийн газрыг УИХ томилдог. УИХ томилдог байгууллага хэрнээ  албан тушаалтантайгаа хариуцлага тооцож чадамжгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан сайд, Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ-ыг чадамжгүй гэж үзнэ. 

-Намын дотоод үл ойлголцлоос үүдэж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?
-Манай намын дотоод асуудал. Энэ нь улстөрийн хүрээнд  тодорхойгүй гацаа үүсгэж байгаа нь үнэн. Үүнээс бид гарах ёстой. Үймээн гаргах гэсэн, нийгмийн албан хатгасан үйлдлүүд хийхгүй байх гэдэгт итгэж байгаа. Албан тушаалыг авч болдог, өгч болдог. Энэ бүхний тэргүүн эгнээнд хүний амь, нийгмийн амгалан тайван байдал явах ёстой гэж бодож байна.  Намын удирдлагууд энэ бүх асуудлыг анхаарч байгаа байх. 

-Нууц биш бол таныг дэмжиж хэн, хэн гарын үсгээ зурсан бэ?
-УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт  5-6  гишүүн гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн.