Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярыг АТГ-аас дөрөвдүгээр сарын 10-ны 20:50 цагт баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
С.Баяр өнөөдрийг хүртэл 40 гаруй хоног саатуулагдсан бөгөөд лхагва гарагийн шөнө эрүүл мэндийн шалтгааны улмаас хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Тэгвэл өчигдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “С.Баярыг АТГ дарамталсан уу” сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, хэд хэдэн ноцтой баримтуудыг олон нийтэд мэдээлсэн юм. Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангийн мэдээлснээр, энэ сарын 03-ны өдрийн үдээс хойш 13:00-19:00 цагийн хооронд Цагдан хорих ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал албан өрөөндөө дуудан авчирч, улмаар дарамталсан байж болзошгүй аж.
Тэрбээр “С.Баярыг Эрүүгийн хуулийн 20.3, 22.1 дэх заалтаар яллагдагчаар татсан. Мөрдөн байцаах ажиллагааг тусгай камертай өрөөнд явуулах ёстой. Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал нь мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж өөртөө давуу байдал бий болгож С.Баярыг өрөөндөө оруулсан. ОНЗ-өөс С.Баярыг яагаад АТГ-ын дарга өрөөндөө оруулсныг тодруулах үүднээс камерын бичлэгээ өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Харин АТГ мөрдөн шалгах ажиллагаа учир та нарт хамаагүй хэмээн бичгээр хариу ирүүлсэн байгаа. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй. Тийм учраас бид Х.Энхжаргал нь С.Баярыг авчирч, дарамталсан байж болзошгүй гэж хардаж байна” гэсэн юм. Түүнчлэн, “Монголын оффшорчдын нэрийн өмнөөс С.Баяраар туг тахиж, оффшорын асуудлыг дарж, шийдсэн мэтээр ард түмнийг хууран мэхлэх үйл ажиллагаа явагдаж байж болзошгүй” гэдгийг тодотголоо. Экс Ерөнхий сайд С.Баяр 40 гаруй хоног саатуулагдсаныхаа дараа биеийн байдал нь муудаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс “С.Баяр хорлогдсон байж болзошгүй тул хянаж өгнө үү” гэх хүсэлтийг Олон нийтийн зөвлөлд ирүүлэх болжээ. Тиймээс хүсэлтийн дагуу АТГ-ын Олон нийтийн зөвлөл Улсын Ерөнхий прокурорын газарт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлсэн байна.
Г.Баясгалан: С.Баярын астма нь хүндэрсэн
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хэвлэлийн хурлын дараа экс Ерөнхий сайдын биеийн байдал ямар байгаа талаар тодруулахаар, хоёрдугаар эмнэлэгт очиж захирал Г.Баясгалантай уулзсан юм. Тэрбээр лхагва гарагийн шөнө Ерөнхий сайд асан С.Баярыг тус эмнэлэгт хүргэх үед эзгүй байсан тул яг хэдэн цагийн үед ирснийг нь мэдэхгүй гэдгээ учирлаж байв. Түүнчлэн, “Манай эмнэлгээс ямар нэг хүсэлт илгээгээгүй. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр ирсэн юм. С.Баяр даргын эрүүл мэндийн байдал хэзээнээсээ сайн байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа өгч байсан хүн шүү дээ. Одоо бол астма нь хүндэрсэн байдалтай байгаа. Тулай өвчний улмаас хөл дээрээ зогсож чадахгүй байгаа нь үнэн. Бидний зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэх тайлбарыг өглөө.
Одоогоор ШШГЕГ-ын хамгаалалт гарсан тул өвчтөнд сахиур шаардлагагүй гэдгийг мөн онцолсон юм. Харин эргэлтийг таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул прокурор шүүхийн байгууллагын шийдвэрээр оруулах аж. Бид С.Баярын өмгөөлөгч А.Ариунаатай утсаар холбогдон, үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хэвтсэнтэй холбогдуулан шүүхийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад “Тийм юм байхгүй, хүсэлт гаргаагүй” гэсэн юм.