ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Дорлигжав, С.Баярцогт, араас нь...

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-21

Хууль хяналтын байгууллагууд оны өмнө цөөнгүй албан тушаалтнуудыг баривчилж, цагдан хорьсон билээ. Тухайлбал, Төрийн банкны захирлууд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийг 461 дүгээр ангид цагдан хориод байгаа билээ.  

Төрийн банкны  ажилтнуудыг цагдан хорьж байна

20 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан Төрийн банкны  ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлээд байгаа юм. Түүний албан өрөөнд хууль, хяналтын байгууллагынхан шалгалт хийсэн талаар мэдээлэл гарч байсан. Одоохондоо Төрийн банкны захирал Д.Баярсайханг саатуулаагүй байгаа. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны   гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг. Улмаар шүүхээс арван­хоёр­дугаар сарын 24-ний өдөр  С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэр­гий­лэх арга хэмжээ авсан билээ. 

Д.Дорлигжавыг саатууллаа 

Хууль зүйн сайд асан Д.Дорлиг­жавыг дөрвөн сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх үндэс­лэлээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж, мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй хэмээн энэ сарын 6-ны өдөр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон билээ. АТГ-ын комиссарууд про­курорын зөвшөөрлөөр Д.Дорлиг­жавын гэрийг би­түүмж­лэн шалгасан байдаг. Ул­маар Д.Дорлигжав болон түү­ний төрсөн дүү Д.Баатар нарт таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. 

С.Баярцогтыг дахин хорих шийдвэр гаргав

Сангийн сайд асан С.Баярцогтыг шүүхээс дахин нэг сар хорих шийдвэр гаргаж, энэ сарын 17-ны өдөр баривчилсан билээ.  Оффшор болон Оюутолгойн гэрээний асуудлаар шалгах явцад шинэ үйлдэл илэрсэн тул түүнийг цагдан хорих шаардлагатай гэж үзэж АТГ-аас санал хүргүүлсэн байна. Харин саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 17-ны өдрийн  14:00 цагаас хэлэлцэж С.Баярцогтыг дахин нэг сар цагдан хорих саналыг хангаж шийдвэрлэсэн юм.  С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг Оюу­толгойн гэрээг хийхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн хавар сар гаруй хугацаанд цагдан хорьж шалгаж байсан юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж, Д.Бямба-Очир суллагджээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын бай­гуул­лагад өгсөн 178 хуудас нот­лох баримт бүхий гомдлыг харьяал­лын дагуу АТГ-т шил­жүүлс­нийг Нийслэлийн Про­ку­ро­рын газраас мэдээллээ. Энэ сарын 16-нд Прокурорын бай­гуул­ла­гын удирдах ажилт­ны зөв­лө­гөөний үеэр, Ерөн­хий­лөгч Х.Бат­тулга Улсын Ерөн­хий про­курорт иргэний хувиар хандаж, “Монгол Улсад ашиггүй байдлаар Таван­толгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруу­лал­тын гэ­рээг УИХ-аар бат­лах гэж бай­сан үйлдлийг шал­гуу­лах”-ыг хүсэж, дээрх нотлох мате­риа­луудыг өгсөн юм. Тэгвэл  Харин “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг 2018 оны аравдугаар сарын 14-нд АТГ-аас саатуулсан. Энэ талаар хэвлэлүүд “…Д.Бямба-Очир захирлыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад үйлдэл дээр нь барив­чилсан байна” гэж мэдээлсэн юм. Гэвч тухайн үед Д.Бямба-Очирыг 500 сая төгрөг бэлнээр авч байгаад баригдсан гэдэг худлаа хэмээн түүний өмгөөлөгч мэдээлж байв. АТГ-аас ч мөнгөн дүнг буруу мэдээлсэн хэмээсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр нэг сар хоригдсоны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сул­лагд­сан бөгөөд хэргийг нь шал­гаж байгаа аж. Мөн түүнийг 87 байртай гэх мэдээлэл ч тараад байгаа юм.