ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 16 мянган аж ахуйн нэгж хоёр удаа зээл авсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-20

Сангийн яамнаас нэр бүхий сангуудад шалгалт хийсэн билээ. Тэгвэл шалгалтын үр дүн болоод цаашид авах арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Танай яамнаас сангуудад шалгалт оруулсан. Ямар зөрчил илэрсэн бэ?   
-Зарим сангуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мөн авах арга хэмжээний төслийг ч гишүүдэд танилцуулсан. Дараагийн долоо хоногт Засгийн газраас тогтоол гаргахаар ярилцсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэлээд урт хугацаанд шалгалаа.  Үүсгэн байгуулсан цагаас нь хойшхи үйл ажиллагааг нь шалгасан. Багагүй зөрчил гарсан. Зөрчлүүдийг засч залруулах, ямар арга хэмжээ авах, олон нийтэд ил болгох талаар ярьсан. Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан зэрэг нэлээд олон санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Засгийн газрын гишүүд шалгалтын дүнтэй нухацтай танилцаж, ирэх долоо хоногт эцсийн шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргана.

Жишээлбэл, ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан гээд зээл олгодог гурван сангаас зээл авсан аж ахуй нэгжүүд байна.  Хоёр сангаас нь зээл авсан 319 аж ахуй нэгж байгаа. Энэ мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордог­гүй учраас зээлийн эргэн төлөлт нь маш муу. 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан. 100 орчим тэрбум болж буурсан. Сүүлийн нэг хоёр сарын хугацаанд энэ зээлийг төлүүлэхээр нэлээд эрчимтэй ажиллалаа.  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажил эхэлснээс хойш  давхардсан тоогоор 16 мянган аж ахуйн нэгж хоёр болон түүнээс дээш удаа зээл авсан байна. Нэг сангаас нь зээл аваад, нөгөө сангийн зээлээ төлдөг. Монголбанкны мэдээл­лийн санд ордоггүй. Шилэн дансаар мэдээлдэггүй гэх зэрэг зөрчил их байна. Тийм болохоор сангуудын мэдээллийг ил тод болгохоор шийдвэрлэлээ. 

-Ийм олон сан байх шаардлагатай юм уу. Зарим нэг санг нь татан буулгаж болохгүй юм уу. Энэ талаар ярьсан уу?
-Зарим сангуудыг татан буулгах саналаа би Засгийн газарт танилцуулга хийхдээ хэлсэн. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасны дараа би нэрийг нь зарлая.

-Хэчнээн санд шалгалт хийсэн юм. Нийт дүнгээрээ хэдэн төгрөгийн зөрчил илэрсэн бэ?
-Зээл олгодог сангуудыг анхаарч шалгасан. Зээл олгодог сангуудаас зөрчил илрээд байгаа юм. Зээл олгодгоос бусад сангийн хөрөнгийн эх үүсвэр төсвийн хөрөнгө байдаг. Энэ асуудлыг хэлэлцээд, эцсийн шийдвэр гарахаар зээл олгодог сангийн төсөв хөрөнгө нь тэдэн төгрөг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өгье. Олон жилийн турш хуримтлагдсан маш их асуудал байгаа. Тэр бүгдийг Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай, нэг бүрчлэн авч хэлэлцэж байж бид шийдвэрүүдийг гаргах ёстой. Бид хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа олон нийтэд ил болгоно.